Яг долоо хоногийн өмнө БНСУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан. Тэгвэл энэ өдрүүдэд Тайланд, Лаосын сайд нар айлчилж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар Гадаад харилцааны яаманд хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр “Монгол Тайландын худалдааны хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд ахиц дэвшил гарч байна. Бид худалдааны хамтарсан хороо байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Энэ хорооны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцлаа. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өссөн. Мөн давхар татвар ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах талаар Засгийн газар хооронд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Монгол-Тайландын хооронд 2022-2027 оны хооронд хамтран ажиллах таван жилийн төлөвлөгөөг өнгөрсөн сард байгуулсан. Энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй, худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.