Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Элчин сайд Аудриус Брюзга ирж, яриа хэлцэл хийв.
Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, Монгол, Литва улсын хоёр талын болон бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааны өргөн асуудлаар ярилцсан байна.
Тухайлбал, хоёр тал харилцан айлчлал хэрэгжүүлэх, Монгол, Литвийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх, соёл, боловсрол, тээврийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар талууд тохиролцжээ.Мөн хоёр тал харилцан Өргөмжит консул томилох нь харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, энэ чиглэлээр ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэдгээ илэрхийлэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.