Баруун монголчууд 1685 оноос эхлэн тээрмийн чулууг амьдал ахуйдаа хэрэглэж байжээ.
Тээрмийн чулуу нь морин тээрэм, гар тээрэм гэсэн хоёр төрөл байдаг. Үүгээр хөх тариа, улаан буудай, үстэй арвай (хальс буюу бүрхүүлтэй) зэргийг тээрэмдэж, гурил болгон гаргаж авдаг юм.
Морин тээрмийн чулууны тойргийн градус нь 80 см-ээс нэг метр өргөнтэй, 20-25 см зузаан байна. Харин гар тээрмийн чулуу нь 30-40 см өргөн, 5-8 см зузаан, дугуй хэлбэртэй байдаг.
Сүүлийн жилүүдэд тээрмийн чулуу гадна, гудамж талбайд эзэнгүй орхигдож, хаягдах боллоо. Энэ орхигдож, мартаж, хэрэглээнээс гарч буй соёлын биет өвийг хадгалан хамгаалах хэрэгтэй гэж судлаачид онцолж байна.
Одоогийн байдлаар зөвхөн Ховд аймгийн төвд л гэхэд 4-5 морин тээрмийн чулуу эзэнгүйдэж, орхигдож, хаягдсан байдалтай байна. Мөн зарим тээрмийн чулууг гэрийн хаалганы урд гишгүүр болгох, бие засах газрын хажууд байршуулж хаях зэрэг эмзэглэл төрүүлэхүйц дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Эрт үеэс Ховд, Буянт голын сав газраар эгэл ардууд усалгаат тариалан эрхэлж ирсэн уламжлалтай бөгөөд энэ суурин дээр 1685 онд Зүүнгарын хаан Галдан бошигт монгол цэргийн хоол хүнсний хэрэгцээг хангах зорилгоор Ховдын цэргийн албан тариалангийн эх үндсийг тавьсан нь сурвалж бичиг, судалгааны үр дүнгээр нотлогдож буй.
Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Баасанхүү 2014 оноос эхлэн “Ховдын тариалангийн үүсэл, хөгжил”-ийн талаар судалгаа хийж, морин тээрэм, гар тээрмийг соёлын биет өвд бүртгэх тухай санал бодлоо илэрхийлж явна.
Ховдын тариачид уламжлалт монгол аргаар тариалан эрхэлж, өөрийн гэсэн газар тариалан эрхлэх соёлыг бий болгосон. Тухайлбал, үстэй арвай нь зөвхөн баруун монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, ургадаг онцлогтой тариа юм. Түүнийг морин болон гар тээрмээр тээрэмдэж, гурил гарган авдаг байв. Цаашид тээрмийн чулууг цуглуулан түүхийн дурсгалт газар байгуулж, аялал жуулчлал үзмэр-үзүүлэн болгон ашиглах, хөгжүүлэх чиглэлд албаныхан анхаарахыг хүслээ.
Морин тээрмийн чулуу
(Өндөр настан Г. Заяат гуайн өвөг дээдсээс өвлөж, хэрэглэж ирсэн морин тээрмийн чулуу)
Гар тээрмийн чулуу (Хувиараа аж ахуй эрхлэгч З.Энхтайваны одоо хэрэглэж буй гар тээрмийн чулуу)
Морин тээрмийн чулуу
(Ховд аймгийн Музейн өмнө тавьсан морин тээрмийн чулуу)