УИХ 2021 оны төсвийг баталлаа
2020/11/13

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.

Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулан хэлэлцсэн талаарх санал, дүгнэлийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлээгүй байна. Төсвийн тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах замаар эх үүсвэр гарган нэн шаардлагатай санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгажээ. Эдгээр өөрчлөлтүүд нь холбогдох хуульд заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх, мөн Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т заасан шаардлагыг хангасан байхаар тусгасан шаардлагуудад нийцсэн өөрчлөлт болно гэдгийг танилцуулгадаа онцолсон.Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мздүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.

2021 оны төсвийн жилд Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар төслийг боловсруулжээ.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд санхүүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр байна. Мөн “Барих- шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр байгаа юм.Төслийн гурав, дөрөвдэх хэлэлцүүлгийг нэгтгэн явуулсан бөгөөд төслийн зүйл бүрээр санал хураан гишүүд дэмжиж, төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь нь дэмжиж баталлаа. Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл бүрээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэнээр батлав.

Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404