Хорьж цагдах бус соёл гэгээрлийн чиглэлээр үр дүнтэй ажиллах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж үзлээ
2020/10/09

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр /2020.10.09/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх байгууллагыг төлөөлсөн 100 орчим хүн оролцож, дуу хоолой, байр сууриа илэрхийлэв.

    Улсын Их Хурлын даргаас хэлэлцүүлэгт зориулсан үгийг ахлах зөвлөх Д.Лүндээжанцан уншиж танилцуулсан. “Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх талаар цаашид шийдвэрлэвэл зохих асуудлууд байна. Сүүлийн 3 жил 8 сарын байдлаар 263 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн хэлбэр нь зөрчлийн бус гэмт хэргийн шинжтэй болж, хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдаж буй эмзэглэл төрүүлсэн, сэтгэл зовоосон нөхцөл байдлыг цаашид яаж засаж залруулах вэ... Хүчирхийлэл гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр нийтийг хамарсан соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, гэр бүлийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх ажлыг цаг ямагт авч хэрэгжүүлж байх шаардлагатай байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн яаж, ямар арга замаар урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг яаж нэмэгдүүлэх, хэрхэн соён гэгээрүүлэх, ёс зүйг төлөвшүүлэх талаар нухацтай ярилцаж, гарсан саналуудыг нэгтгэн дүгнэлт хийж, шаардлагатай саналыг Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрүүдэд тусгах талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүн бүр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг бүх байгууллага ажлаа уялдуулж, “Дуугүй өнгөрөхгүй” хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг уриалж байна. Ингэж бүх нийтээрээ хүчээ нэгтгэж тэмцэж гэмээ нь тодорхой үр дүн гарна. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга бүрийг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжиж ажиллах болно” гэдгээ Улсын Их Хурлын дарга онцолжээ.

    Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д.Сарангэрэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн бүх байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон. Нэг хэрэг гарахаар түүнийг дагаж шуураад мартаж орхилгүй, урьдчилан сэргийлэх болон хяналт тавих ажлыг эрчимжүүлж, хуулиа хэрэгжүүлдэг байх чиглэлээр Эмэгтэй гишүүдийн бүлэг идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах зардлын төсөвт тусгагдсан мөнгө эзэддээ очиж, зарцуулагдаж чадаж байна уу. Сургалт, томилолт, ширээ сандал, тавилга худалдаж авахад зориулж байна уу гэдгийг цаашид хатуу хянаж, Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргээ энэ чиглэлд идэвхтэй  хэрэгжүүлнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

    Хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хохирогч хамгаалах, соёл урлагийн салбарын болон сэтгүүлчдийн оролцоо гэхчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар  хэлэлцүүлэгт оролцогчид бүх талаас нь хөндөж ярилцан, санал бодлоо солилцлоо.

    Түүнчлэн анхан шатанд, тухайлбал баг, хороонд ажиллаж буй Хамтарсан багт хүчирхийлэл үйлдэгдсэн айлд очих шатахууны болон хохирогчид үзүүлэх наад захын ахуйн хэрэгцээний зардал зэрэг төсөв мөнгө байдаггүй, бүтэц нь оновчгүй, хүнээ оношлох буюу оюун санаа, сэтгэхүйн хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэж, засаж авах зэргээр хүчирхийлэгчид чиглэсэн соёл гэгээрлийн ажил хийгддэггүй зэргийг шүүмжилж, эдгээрийг засаж сайжруулах арга зам, боломж нөхцөлийн талаар санал бодлоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

    Мөн хүчирхийллийг бууруулахын тулд гэр бүлийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, цагдаатай  зэрэгцээд мэргэшсэн сэтгэл зүйч хүчирхийлэл үйлдэгчтэй ажиллах, албадан сургалтад хамруулж зан үйлийг өөрчлөх, хорьж цагддаг механик аргачлалаа багасгах, төр засгаас гаргаж байгаа шийдвэр, бодлогыг соёл урлагийн салбарынханд таниулах замаар урлагаар дамжуулан хүмүүжүүлэх зэрэг санал гаргалаа.

    Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, иргэд хорьж цагдах бус соёл гэгээрлийн чиглэлээр үр дүнтэй ажиллах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж үзэж буйгаа илэрхийлж байв.

    Төгсгөлд нь хэлэлцүүлэгтч оролцогчдос зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа уншиж сонсголоо. Тус зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404