“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа
19 өдрийн өмнө

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа.

Тууль хайлах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ”Богд хааны ордон” музей, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404