- Дайны улмаас боловсролын 360 байгууламж сүйджээ
- Ихэнх сургуулиуд цахимаар хичээллэнэ
- Метроны буудлуудад анги байгуулж, сурагчдыг хичээллүүлнэ
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор Украин сурагчдын аюулгүй суралцах орчны асуудал яригдаж эхэлжээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр дайны үеэр боловсролын 360 байгууламж бүр мөсөн сүйдэж, 3000 барилга хохирол амссан гэв.
Украин улсын хоёр дахь том хот болох Харкив ОХУ-ын хилтэй ойр байдаг тул агаарын довтолгоонд ойр ойрхон өртөж байгаа аж. Улмаар тус хотын ихэнх сургууль цахимаар орох болжээ. Аюулгүй орчинд биечлэн хичээл заахын тулд газар доорх метроны буудлуудад 60 анги байгуулж, 1000 гаруй сурагч хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар Харкив хотын захирагч "Цахимаар суралцахыг хүссэн сурагчид цахимаар хичээллэж, биеэрээ ирэхийг хүссэн нь метроны буудал дахь ангиудад хичээллэх боломжтой. Тэднийг сургуулийн автобусаар зөөж, цагдаагийн хамгаалалттайгаар метроны буудал руу оруулна" гэжээ.
Энэ хичээлийн жилд 80 мянган сурагч ОХУ-д эзлэгдсэн Украины газар нутгаас хичээлдээ оролцоно. Хичээлийн хөтөлбөрийг дайны нөхцөлд уялдуулан өөрчилж байгаа Украины Боловсролын сайдын тушаалын дагуу ОХУ-ын зохиогчдын ном, бүтээлийг хичээлийн хөтөлбөрөөс хассан байна.
Эх сурвалж: ВВС