Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм.
Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, долоон үндэсний олимпын хорооноос багийн дүнгээрээ тавдугаар байрт жагссан амжилт үзүүлэв. “Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү "Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн эрхэм тамирчдадаа талархал илэрхийлье. Уг нэр хүндтэй наадмыг зохион байгуулах эрхийг авсан Монгол Улсын Засгийн газар болон наадмын эрхийг олгосон Зүүн Азийн олимпын хороонд гүнээ талархаж байна. Спорт бол оролцоо, хөгжил, хөдөлмөр, хүмүүжил, мөрөөдөл, нөхөрлөл, энх тайван билээ. Тус наадамд ажилласан сайн дурын ажилчдадаа баярлалаа. Бид бүхэн олимпын наадмыг зохион байгуулахад нэг алхам ойртлоо гэж харж байна" гэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ "Монгол Улс анх удаа бүс нутгийн хэмжээний олон улсын спортын наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяртай байна. Эдийн засаг нийгэм, хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Зүүн Азийн орнуудын хооронд хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чухал арга бол спорт. Спортоор дамжуулж өөр өөрийн улс орны соёл, зан заншлыг таньж мэдэх, ойртон дотносох олон талын ач холбогдолтой учраас Монгол Улсын Засгийн газраас өсвөр үе, залуучуудын спортыг дэмжих бодлогыг түлхүү баримталж байгаа. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд баг, тамирчдаа илгээсэн Зүүн Азийн улс орнуудын Засгийн газар, Зүүн Азийн олимпын хороонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье" хэмээв.
Зүүн Азийн олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Дайшун "Долоо хоногийн турш долоон орны тамирчид ширүүн хэр нь найрсаг, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийг тууллаа. Та бүхэн өөрсдийн хүсэл мөрөөдөл, алдар нэр, нөхөрлөлийнхөө төлөө тулалдлаа. Та бүхний энэ өрсөлдөөн Зүүн Азийн улс орон, бүс нутгийн залуучуудын спортод улам хайртай болох сэдлийг бадраасан гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, спортын нийгэмлэгүүддээ онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улс спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах урт замдаа сайхан эхлэл тавилаа гэж харж байна. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам албан ёсоор хаагдсаныг мэдэгдье" гэв.
"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны хаалтын дараа “Улаанбаатарын үдэш” шөнийн шоу болж байна.