Агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг нийслэлтэй улсын ерөнхийлөгч ханиадаа эдгээж чадахгүй байна
2023/08/17

Өнгөрсөн долоо хоногт Швейцарын IQAir компани дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Индонезын нийслэл Жакартаг тодруулсан юм.

Тус хотын үйлдвэрүүд, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, зам тээврийн хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлүүд агаарын бохирдлын шалтгаан болдгийг мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

IQAir компанийн дүгнэлт нийтлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо ханиаднаас салж чадалгүй олон хонож буйг холбогдох албаныхан мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Видодо долоо хоногийн дотор агаарын бохирдлыг бууруулах тодорхой алхмууд хийх даалгавар өгсөн. Тэр бараг дөрвөн долоо хоног ханиалгаж байгаа. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүйгээ ерөнхийлөгч хэлсэн” гэж Индонезын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн сайд Сандиага Уно өнгөрсөн Даваа гарагт болсон засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Уно сайдын хэлснээр эмч нар ерөнхийлөгчийн ханиадыг эмчлэхээр ажиллаж байгаа бөгөөд нийслэл хотын агаарын бохирдолтой холбоотой нь бараг тодорхой болсон гэнэ.

зураг
 

Үүнээс нэг хоногийн дараа Индонезын эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин бас ерөнхийлөгчийн ханиад эдгэрэхгүй байгааг батлаад хүн амын дунд уушги, амьсгалын замын өвчлөл ямар түвшинд байгааг тандахын тулд шинжилгээ оношилгоог нэмэгдүүлэх болсноо мэдээлжээ.

“Бид нөхцөл байдлыг хянаж байгаа. Агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар бүх тайланг холбогдох яам, албан байгууллагуудтай уялдуулан үнэлэлт дүгнэлт өгөх болно” гэж тэр хэлсэн байна.

Жакарта хот энэ оны тавдугаар сараас хойш агаарын чанарын технологийн IQAir компанийн судалгаагаар хамгийн их бохирдолтой дэлхийн 10 хотын нэгээр тогтмол шалгарч байгаа.

Наймдугаар сарын 9-нд гарсан ээлжит тайланд тус хот агаарын чанарын муу үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404