Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монголын баг амжилттай оролцлоо
2023/07/31
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад манай улс хоёр дахь жилдээ оролцож байна
  • Энэ удаагийн олимпиадад Монголыг төлөөлж дөрвөн охин оролцов
  • Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байранд шалгарчээ

Шведийн Лунд хотод долоодугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монголын баг амжилттай оролцлоо.

2021 оноос зохиогдож буй тус олимпиадад Монгол улсыг төлөөлж оролцсон Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ 192 оноо авч, тусгай байранд шалгарсан байна. Багийн ахлагчаар МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ж.Дашдэмбэрэл, дасгалжуулагч багшаар МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш И.Бямбасүрэн нар ажиллажээ.

Мөн Оюунлаг сургуулийн сурагч А.Ному-Луун 162, АНУ-д суралцдаг Б.Аминжин 108, Олонлог Эзгэ сургуулийн сурагч М.Сувд 79 оноо тус тус авч, амжилттай оролцсон байна.

Манай улсын хувьд тус тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ удаагийн олимпиадад 5 тивийн 52 улсаас 189 оролцогч оролцож, хоёр өдрийн турш 8 бодлогоор программчлалын ур чадвараа сорив. 

Уг олимпиадад оролцох багийг бүрдүүлэхдээ улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцсон эмэгтэй сурагчдаас тодруулан сонгодог аж.

Европын охидын мэдээлэл зүйн олимпиадын нь Олон улсын мэдээлэл зүйн олимпиад (IOI)-тай ижил зарчмаар зохион байгуулагддаг. Ингэхдээ компьютерын шинжлэх ухааныг сонирхон судалдаг залуу эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг онцлогтой аж. Олимпиад хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд оролцогчид алгоритмын бодлого бодож өрсөлддөг. 

Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад оролцох Монгол улсын багийг бүрдүүлж, оролцуулах ажлыг Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо зохион байгуулах хороо (Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТББ) хариуцан зохион байгуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404