Хүүхдийн төв номын сан, Өвөрмонголын уран бичлэгийн холбоо хамтран олон улсын хүүхдийн уран бичлэгийн соёлын солилцооны хөтөлбөрийг зохион байгууллаа. Тус соёлын солилцооны хөтөлбөр нь 2019 онд Улаан-Үд хотод болсон бол энэ жил хоёр дахь удаагаа Монгол улсад зохион байгуулагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өвөрмонголоос ирсэн 62 зочдын хамгийн ахмад нь 80 настай байсан бол хамгийн бага нь 3 настай байсан юм.
Монгол уран бичлэгийг хөгжүүлэн таниулж, хадгалан хамгаалахад соёлын солилцооны хөтөлбөрийн гол зорилго оршиж буйг Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар хэлж байлаа. Цаашид соёлын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэн Халимаг, Тува зэрэг монгол үндэстнийг хамруулах зорилготой аж.
ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын долоодугаар ангийн сурагч Б.Цоморлог хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа ирсэн сэтгэгдлээ ийн ярилаа. "Би монгол үндэстэн учир монгол хэлээр ярьж, монгол бичгээр бичихдээ их омогшдог. Армонголын хүүхдүүдийг монгол бичгээр бичиж чадна гэж огт бодоогүй. Гэтэл үнэхээр сайн бичиж буйг хараад бахдаж байна" гэв. Тэрбээр төрийн соёрхолт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Ном унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт, номын утга нь тэнгэрээс өргөн, далайгаас гүн мэт” хэмээх үгийг уран бичлэгээр буулган хоёрдугаар байр эзэлсэн юм.
Мөн ӨМӨЗО-с ирсэн 80 настай Ш. Рэнцэндорж гуай хятад, англи хэлийг сурах нь зөв ч хэл, соёлоо хадгалахын тулд бид хоорондоо ямагт монгол хэлээрээ харилцдаг хэмээн ярьж байлаа.
Соёлын солилцооны хүрээнд ирсэн зочид энэ сарын 30-ныг хүртэл Монголын үзэсгэлэнт газраар аялах юм.