НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан билээ. Энэхүү өдрийг 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэхийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсан бөгөөд дэлхийн 130 гаруй орон нэгдсэн байдаг.
Хүүхдүүд өөрсдөдөө тулгарч буй бэрхшээлийг томчууддаа хэлэх, томчууд нь багачуудаа сонсож, ойлгоход энэхүү өдрийн үнэ цэн оршдог. Тус өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох, дамжуулахад чиглэж өндөр түвшний арга хэмжээ, санал санаачилгыг олонтаа хэрэгжүүлж байна.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлыг дахин олон нийтийн анхааралд хүргэхийг зорьж байгаагаа мэдээлэв. Учир нь эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн ураг утаагаар хордож эхэлдгийг дэлхийд олон олон судалгаа нотлоод буй.
Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцоллоо.