Эрүүл мэндийн сайд 0-5 насны хүүхдийн амь насанд хүрэх эрсдэлтэй синциталь вирусийн давалгаа үүссэн тухай мэдээлэв
2022/11/02

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2022.11.01) хуралдаж, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийнхээ эхэнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ын 623,337,158 тохиолдол бүртгэгдэж, 6,566,610 хүн нас барсан гэх мэдээллийг хэллээ. Өвчлөлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.7 хувиар буурсан байна. ДЭМБ-ын 6 бүсийн хувьд Eвропын бүсэд 260 сая, Америкийн бүсэд 179 сая, Номхон далайн баруун бүсд 92 сая, Зүүн өмнөд Азийн бүсэд 60 сая, Газрын дундад тэнгисийн бүсэд 23 сая, Африкийн бүсэд 9 сая хүн тус тус өвчилсөн гэдэг мэдээллийг танилцуулав.

Нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хувь (CFR) Дэлхий дахинд 1.05, Номхон далайн баруун бүсд 0.30 бол Монголд 0.21 байгаа аж.

Олон улсын өнөөгийн байдлыг авч үзвэл:

– Хил залгаа БНХАУ-д сүүлийн 7 хоногт 225,754 тохиолдол, сүүлийн 24 цагт 42,419 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 25.7 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.32, ОХУ-д сүүлийн 7 хоногт 54,900 тохиолдол, сүүлийн 24 цагт 7,606 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 27.8 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 1.82 байгаа юм байна.

– БНСУ-д сүүлийн 7 хоногт 186,850 тохиолдол, сүүлийн 24 цагт 34,987 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.11 байгаа гэв.

– Япон Улсад сүүлийн 7 хоногт 176,895 тохиолдол, сүүлийн 24 цагт 14,184 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 22.9 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.21 байгаа гэх тоон мэдээллийн Эрүүл мэндийн сайд танилцууллаа.

Сүүлийн 7 хоногт өвчлөл өндөртэй орнуудын жагсаалтыг танилцуулсан. ХБНГУ улс 400 орчим, Франц, БНХАУ, Итали, БНСУ, Япон 100-200 гаруй, ОХУ, Грек, Австри, Чили, Их Британи улс 60-оос доош тус тус өвчлөл бүртгэгдсэн байна.

Манай улсад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар батлагдсан тохиолдол 998,627 болж, 43-р долоо хоногт 357 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт n=243) бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 114 тохиолдлоор нэмэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын 87.9 хувьд шинж тэмдэг илэрсэн бол 12.1 хувьд нь шинж тэмдэггүй байна. Хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байгаа аж.

Тархвар судлалын 43 дугаар хоногт 10,533 бх-ПГУ шинжилгээ хийгдсэн ба 7 хоногийн эерэг хувийн хөдөлгөөнт дундаж 2.3 хувь байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 157 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 26.8 хувь нь хүнд, 72 нь хүндэвтэр, 1.2 хувь нь хөнгөн байна. Улсын хэмжээнд 332,278 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 16,445 буюу 4.5 хувь нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн бол 4,416 хүн ХӨСҮТ-ийн амбулаториор үйлчлүүлсэн байна.

2022 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын хүүхдийн 218,153 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 22.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр үзвэл 0-4 насны хүүхэд 27.6 хувь, 5-11 насны хүүхэд 44.5 хувь, 12-15 насны хүүхэд 19.6 хувь, 16-17 насны хүүхэд 8.4 хувийг тус тус эзэлж байна.

Үргэлжлүүлэн тэрбээр бүсийн орнуудын мэдээллийн тоймыг танилцуулав. БНСУ-д томуу болон КОВИД-19-ын хавсарсан халдвар ихсэж, хүүхдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа бол Сингапурт яаралтай тусламжийн тасагт хэвтэх өвчтөний тоо ихсэж байгаа юм байна. Филиппин Улсад омикроны XВВ хувилбарын 81, ХВС хувилбарын 193 тохиолдол тус тус шинээр бүртгэгдээд байгаа гэлээ.

Манай Улсад коронавируст халдвар (КОВИД-19) дэгдэлтийн 5 удаагийн давалгаа бүртгэгдсэн ба Альфа, Дельта, Омикрон ВА1, ВА2, ВА5 хувилбаруудаар үүсгэгдсэн байна.

КОВИД-19-ын хувилбарын тандалтыг түүвэр аргаар 7 хоног бүр хийж бүрэн генийн дараалал (NGS) тогтоох шинжилгээний дүн болон тархвар судлалын талаар мэдээллийг ДЭМБ-д мэдээлж хэвшсэн. Хувилбарын тандалтаас харахад 9 дүгээр сард авсан 40 сорьцын 32 буюу 80 хувь нь омикрон ВА.5.2 илэрсэн байна. Ямар нэгэн хариу арга хэмжээ, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт ороогүй тохиолдолд тохиолдлын тоо дунджаар 10 хоногт 2 дахин ихсэж төлөвтэй байна.

КОВИД-19-ын халдварын тархалтын үе шат, түвшинг үнэлэх, түүнд тохирсон хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний түр заавар болон 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/373 дугаар тушаалаар Томуу, томуу төст өвчин, КОВИД-19-ын өвчлөлийн зүй тогтол, хандлага, тархалт, вирусийн хувилбарыг тогтоож, бэлэн байдал, хариу арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийг хийжээ.

“2022-2023 оны улирлын томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-г 2022 оны 07-12 дугаар сард Тандалт, хариу арга хэмжээ, Эмнэлзүй, Вирус судлалын тандалтын чиглэлээр 3 бүлгийн нийт 29 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа гэлээ.

Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 69.6 (Улаанбаатарт 77.6, аймгийн дундаж 62.6), эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 3.4 болж “Идэвхжлийн түвшин”-д байгаа аж.

Томуу, томуу төст өвчний тархалтын түвшингээр Говь-Алтай аймагт “Улирал хоорондын түвшин”-д, 19 аймаг “Идэвхжлийн түвшин”-д, Говьсүмбэр аймаг “Алаг цоог дэгдэлтийн түвшин”-д байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөгсдийн дотор 89.1 хувийг 15, үүнээс 60.4 хувь нь 4 хүртэлх насныханд бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 15 хүртэлх насанд 1.9 хувиар нэмэгдсэн байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ)-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 92.7 хувь нь 15 хүртэлх, үүнээс 80.7 хувь нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 3.2 хувь, 10-14 насанд 0.8 хувь, 50-64 насанд 0.7 хувиар тус тус нэмэгджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирсэн 74 сорьцонд шинжилгээ хийхэд 28 хувьд риновирус, 18 хувьд энтеровирус, 12 хувьд Аденовирус, 7 хувьд бокавирус, 5 хувьд Метапневмони, 2 хувьд улирлын коронавирус тус тус илэрсэн байна. Харин Томуу, SARS-CoV-2 вирус илрээгүй гэлээ.

1e45f29ee5ad410e851c646bbb16dde2 Эрүүл мэндийн сайд 0-5 насны хүүхдийн амь насанд хүрэх эрсдэлтэй синциталь вирусийн давалгаа үүссэн тухай мэдээлэв

Дэлхийн улс орнуудад 2022-2023 онд ковид шинэ хувилбар ба томуу , томуу төст өвчлөл буюу синциталь вирус томоохон давалгаатай мөн гэмтэл хугарал хавсарсан хүндхэн өвөл болно гэж анхааруулж байна. Синциталь вирус хувьд вакциныг нь гаргаж авч чадаагүй 0-5 насны хүүхдийн амь насанд хүрэх эрсдэлтэй вирус гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдав. Нас баралтын түвшин нь 2-4 хувь байгаа нь цар тахалтай ижил гээд АНУ, Их Британи ба бусад улсад эмнэлгийн орны ачаалал оргилдоо хүрээд байгааг мэдээлсэн.

Эрүүл мэндийн сайд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” А/510 дугаар тушаал баталж, 2023 оны 05 дугаар сарын 1-ний өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн хүүхдийн хэвтүүлэн эмчлэх ор дэлгэхээр, Чингэлтэй дүүргийн насан хүрэгчдийн мэдрэлийн өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 2023 оны 04 дүгээр сарын 01 хүртэл шилжүүлэхээр, Нийслэлийн зарим дүүргийн тусламж, үйлчилгээг УНТЭ, УХТЭ, ЭНЭҮТ- II, ХӨСҮТ, ТТАХ-ын НЭ, Монгол-Японы эмнэлэгт ор дэлгэх шилжүүлгийг тус тус зохицуулаад байгаа аж.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаалаар “Дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн кабинетыг томуугийн амбулаторит шилжүүлэн ажлын өдрүүдэд 17.00-21.00, Бямба гарагт 11.00-18.00 цаг хүртэл ажиллах мөн зорилтод бүлэг болон гэрийн идэвхтэй эргэлтийг эрчимжүүлэхээр зохицуулалт хийсэн байна. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар аймаг, дүүргийн эхжмээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь АЗЦХХ ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдийн 44.4 хувь нь АЗЦХХ-тай байгаа гэв.

2019-2021 оны томуугийн улиралыг угтуулан Томуугийн эсрэг вакциныг 649,560 хүн/тунг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амд дахлаажуулалтад хамруулж байсан бол энэ жил 545,000 хүн/тун вакциныг захиалж, 10-р сарын 20-оос эхлэн вакцинжуулж эхэлсэн гэлээ.

Өнөөдрийн байдлаар бага насны хүүхэд 17.5 хувь, жирэмсэн эмэгтэйчүүд 1.3 хувь, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн 6.2 хувь, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид 19 хувь буюу нийт 15.4 хувийн хамралттай байгаа аж.

Цагаануур, Боршоо, Алтанбулаг, Баянхошуу, Замын-Үүд, Гашуунсухайт болон Чингис хаан олон улсын агаарын боомтод Тандалтын баг ажиллуулсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг мөн мэдээллээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийнхээ төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улсын коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын нөхцөл байдал “Ногоон түвшин”-д байна. Сүүлийн 5 долоо хоногт коронавируст халдвар (КОВИД-19)-ын нас баралт бүртгэгдээгүй” гэлээ. Түүнчлэн коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдвар, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх анхдагч арга хэмжээ болох дархлаажуулалтын ажлын зэрэгцээ, ард иргэдэд чиглэсэн Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, эрсдэлийн харилцааны үйл ажиллагаа (маск зүүх, гараа угаах, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байг)-г эрчимжүүлэн ажиллаж байгаагаа хэлсэн.

С.Энхболд сайдын мэдээлэлтэй холбогдуулан Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Б.Бейсен гишүүн коронавируст халдвараар өвдсөн хүмүүст үүсч буй хүндрэл, тэр талаар хийсэн судалгаа бий эсэхийг, мөн хөдөө орон нутаг дахь эмийн хүртээмжийн талаар тодруулж, хариулт авсан. Коронавируст халдвараар өвчилсний дараа судасны дотор хана буюу эндотелийг гэмтээж, улмаар цусны бүлэгнэлтийн факторт нөлөөлдөг учраас энэ цус өтгөрөх хам шинжийг бол үүсгэдэг. Салбарын яамны зүгээр 2022 оны 05 дугаар сараас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний нэг зорилго нь коронавируст халдвараар өвчилсний дараа эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодруулах гэлээ. Ард иргэдийн дунд коронавируст халдвараар өвчилсний дараа зүрхний шигдээс ихэслээ гэдэг мэдээлэл тархсан ч эрүүл мэндийн салбарын зүгээс албан ёсны мэдээлэл гаргаагүй гэдгийг сайд тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины зардал, вакцины үлдэгдэл, хамрагдалтын талаар тодрууллаа. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг 5 нэр төрлийн (Пфайзер/БиоНТеx, АстраЗенека Vaxzevria, Спутник-V, Синофарм CorV, Серум институт Ковишилд) 8,397,550 тун вакцин хүлээн авч аймаг, дүүрэгт түгээж зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа гэдэг мэдээллийг С.Энхболд сайд мэдээллээ. Улсын хэмжээнд 2022 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн I тунгийн хамралт 89.6 хувь, II тунгийн хамралт 85.7 хувь, III тунгийн хамралт 53,7 хувь, IV тунгийн хамралт 4.2 хувь байгаа гэлээ. Хугацаа дууссан вакцинууд байгаа гэдгийг сайд хэлээд, эдгээрийг холбогдох журмаар устгалд оруулна гэв.

Түр хорооны дарга Б.Баттөмөр хүүхдийн вакцинжуулалтын талаар тодруулахад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг 5-11 насны хүүхдэд зориулсан Пфайзер/БиоНТеx үйлдвэрийн Комирнэти 302,400 тун вакцин хүлээн авч, 2022 оны 8 дугаар сараас эхлэн дархлаажуулж эхэлсэн гэх мэдээллийг С.Энхболд сайд өгөв. Өссөн дүнгээр 5-11 насны 3,351 хүүхэд, 12-15 насны 158,905 хүүхэд, 16-17 насны 79,537 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 6,428, хөхүүл эмэгтэй 8,020 тус тус хамрагдаад байгаа юм байна.

Ийнхүү Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссоны дараа Түр хорооны дарга Б.Баттөмөр ирэх сарын хуралдааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгснөөр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404