"АТГ-аас С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаж байгаа. Харин Х.Баттулгатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна"
2022/09/27

Ардчилсан залуучуудын холбооноос С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авлигатай Тэмцэх Газар болон Нийслэлийн Прокурорын газраас тодруулга өгөхийг шаардаж АТГ-ын үүдэнд суулт зарлаад дөрөв хоносон.

Уг хүсэлтийн дагуу дээрх байгууллагуудаас өнөөдөр хариу ирүүлсэн талаар тус холбооноос мэдээллээ.

Энэ тухай АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Тодруулга авах болсон зорилго нь Ардчилсан Нам өнөөдөр сөрөг хүчний ажлаа хийж чадахгүйд хүрээд буй. 200 мянган гишүүнтэй Ардчилсан Намын нэр хүндэд хоёр, гуравхан хүний үнэн худал нь үл мэдэгдэх гэмт хэрэгтэй холбоотой асуудал сэв суулгаж итгэлийг нь эвдэж ирсэн. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдуулж мэдээлдэг хэрэг нь хэр бодитой болохыг холбогдох байгууллагуудаас тодруулж асуусны хариуг өнөөдөр өглөө.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр  зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин иргэн Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор тус хэлтэст шалгагдаагүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Мөн нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хариунд иргэн С.Эрдэнэ нарын эрүүгийн хэргийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол иргэн Х.Баттулгад холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй гэсэн байна" гэв.

Үргэлжлүүлэн "Иргэний нийгмийг хөгжүүлж байх ёстой гол зүйл нь парламент засаглалд иргэд хяналтаа тавихад оршдог. Гэтэл иргэдийн хяналтыг төлөөлж байх ёстой сөрөг хүчин өнөөдөр ажиллаж чадахгүй байна. Сөрөг хүчин ажиллахгүйгээс болж эрх баригчдын дангаар ноёрхол, дураар дургилт гаарч байна. Энэ тохиолдолд Ардчилсан Нам маш яаралтай дотроо цэгцэрч, эв нэгдэлтэй улс төрийн институц болох нь бидний эрхэм зорилго. Бид хууль хяналтын байгууллага иргэдийн өмнө хэр нээлттэй байж чаддаг эсэхийг үзэхээр суулт зарлаж, хариугаа авлаа.

Энэ бол дөнгөж эхлэл. Цаашид Монгол Улсад болж буй хууль бус үйл ажиллагаанд иргэдтэйгээ хамтарч, Ардчилсан Нам сөрөг хүчний байр сууриа яаралтай эзлэхээр хичээн ажиллах болно" гэдгийг нэмж хэллээ.

Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Г.Очирбат "Ямар ч байсан Ардчилсан залуучуудын холбоо мянга мянган иргэдийнхээ дэмжлэгээр нэн шаардлагатай бичгээ хүлээн авлаа. Өнгөрсөн хугацаанд АН-ыг талцсан мэт, намын лидерүүдийг авлигал хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон мэт нийгэм хүлээж авч байсан тул бид энэ байдалд цэг тавихаар С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогддог хэргүүд үнэн худал эсэхийг тодруулсан юм" хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404