Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ОХУ-ын Москва хотын Засгийн газраас зохион байгуулсан Дэлхийн нийслэл хотуудын олон улсын VI олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн нийслэл хотуудын олон улсын VI олимпиад нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус олимпиадад дэлхийн 30 гаруй хотуудын 280 гаруй сурагч оролцсон байна. Коронавирусийн цар тахлын халдварын тархалтаас сэргийлэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус олимпиадыг цахим хэлбэрээр математик, мэдээлэл зүй, хими болон физик гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан юм.
Тодруулбал,
- математикийн төрлөөр Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль,
- химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль,
- физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль,
- мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл,
- химийн төрлөөр "Орчлон" сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медалийг тус тус хүртжээ.
Олимпиадын дөрвөн төрлөөс медаль хүртсэн сурагчдын медалийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө гардуулан өглөө. Мөн үеэр тэрбээр хэлэхдээ “Олон улсын олимпиадад Монгол Улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцсон Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Сурагчдыг бэлтгэж, амжилт үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нарт нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар