УИХ-ын дарга үнийн өсөлтийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо
2022/06/30

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг УИХ-ын гишүүдэд хандан уриаллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн 7 хоногт Та бүхэн маань аймаг, орон нутаг, сонгогдсон тойрогтоо ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудын талаар иргэд, сонгогчдынхоо үгийг сонсож, санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу хүрээ заагийг нь тогтоосон 4 сэдэв, 11 дэд сэдвийн хүрээнд олон нийтийн саналыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ.

Иргэдийн маань гишүүддээ илэрхийлсэн санал бодлыг нэгтгэн дүгнэж үзвэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд иргэд ул суурьтай, нухацтай хандаж байгаа нь ажиглагдлаа. Тэд дэмжиж буй болон дэмжихгүй байгаа сэдэв, асуудлуудын талаар санал бодлоо илэн далангүй илэрхийлж байна.

Улсын Их Хурал баталсан хуулиудынхаа хэрэгжилтэд онцгой анхаарах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд одоогийн Үндсэн хуулийн нөөц бололцоог сайтар ашиглах, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэх, шийдвэртэй зоримог арга хэмжээ авах зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг баримталж, идэвх санаачилгатай, ажил хэрэгчээр асуудалд хандаж ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархсанаа илэрхийлье.

Уулзалтуудын үеэр эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар газар сайгүй, олон иргэн хөндөж ярьж байсанд бид анхаарлаа хандуулах ёстой.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон геополитикийн хурцадмал байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.

Инфляцын түвшин жилийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төв банкны инфляцын зорилтоос давсан төдийгүй, сүүлийн 10 жилд болж байгаагүй хамгийн өндөр өсөлт болж байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.

Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд:

1. Төмс кг нь 970 төгрөгөөс 2500 төгрөг болж, 158 хувь буюу 2.5 дахин;

2. Лууван кг нь 2000 төгрөгөөс 4700 төгрөг болж, 135 хувь буюу 2.3 дахин;

3. Ургамлын тос литр нь 4300 төгрөгөөс 9500 төгрөг болж 121 хувь буюу 2.2 дахин;

4. Байцаа кг нь 3000 төгрөгөөс 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин;

5. Элсэн чихэр кг нь 2700 төгрөгөөс 3750 төгрөг болж 39 хувь;

6. “Атар” талх ширхэг нь 1280 төгрөгөөс 1700 төгрөг болж, 34 хувь;

7. “Сүү” ХК-ийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27хувь;

8. Цагаан будаа кг нь 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар үнэ нь нэмэгджээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрдэг.

2021 оны зургадугаар сартай харьцуулахад АИ-92, АИ-95, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг суурь шалтгаан болж байна.

Түүнчлэн гадаад хүчин зүйл буюу цар тахал, хорио цээрээс үүдэлтэй тээвэр логистикийн хүндрэл болон олон улсын ээдрээт нөхцөл байдал нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 1.7 дахин, хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляц дэлхийн нийтийн зовлон боллоо. Тухайлбал, АНУ болон Европын холбооны улсуудад сүүлийн 40 жилийн хугацаанд гарч байгаагүй өндөр үнийн өсөлт ажиглагдаж байна.

Хэдийгээр гадаад, дотоод шалтгаан нөхцөл байгаа, үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байгаа ч бодлого боловсруулах, хууль тогтоох үүрэгтэй Улсын Их Хурал үүнийг зүгээр хараад сууж болохгүй ээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-аас үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан нь дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зарим үр дүнд хүрсэн боловч инфляц 2022, 2023 онуудад хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлтэй байгааг Монголбанк болон ОУВС-гийн хийсэн төсөөллөөс бид харж болно.

Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар буюу оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрэх магадлал байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна.

Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.

Иймд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажлын хэсэг:

Нэгдүгээрт, Улсын Их Хурлаас баталсан “Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх;

Хоёрдугаарт, Мөнгөний бодлого болон төсвийн бодлогын хүрээнд инфляцыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах чиглэлээр холбогдох судалгаа дүгнэлт хийж, авах арга хэмжээний саналаа Улсын Их Хуралд танилцуулах;

Гуравдугаарт, Эрэлт талаас инфляц өдөөхгүй байх зорилгоор бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломж байгаа эсэхийг судлах;

Дөрөвдүгээрт, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээ авах санал боловсруулах;

Тавдугаарт, Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж, холбогдох хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих зэрэг чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурал хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгой анхаарлынхаа төвд зайлшгүй байлгах шаардлагатай байна.

Тиймээс энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ хандан уриалъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404