УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа
2022/06/25

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.06.24/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд,  албан хаагчидтай уулзлаа.

   Уулзалтын үеэр УИХ-ын дарга “D parliament” буюу хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал авах платформ болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл,  шалтгаан нөхцөл  боловсруулсан  санал, УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн талаар танилцуулав. 

    Уг уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Батсүмбэрэл нар оролцсон. 

    УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тогтоолын талаарх" танилцуулгадаа, 180 мянган иргэн тогтолцооны өөрчлөлт хийхээр гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн байдаг. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй  улс төрийн 24 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, Тунхаг бичиг гаргасан. Үүний зэрэгцээ эрдэмтэн, судлаачид санал, шаардлагуудаа УИХ-д  хүргүүлж, тодорхой өөрчлөлт хийхийг дэмжсэн. Эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага гэдгийг тодотгоод  иргэн та, бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

 Мөн тэрбээр,  2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсныг тодотгоод энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн хэмээн тодорхойлов. 

 

 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах явдлыг бууруулах талаар санал дэвшүүлж байна. Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3,4 саяд хүрсэн. Энэ нь иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

  Мөн тэрбээр, улс төрийн намуудын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, санал гээгдэх байдлыг арилгахад хамгийн тохиромжтой нь сонгуулийн холимог тогтолцоог хэмээн үзэж, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэхэд мажоритар тогтолцоог өөрчлөхөөр саналд тусгасныг дурдахын зэрэгцээ дэлхийн 81 улс өнөөдөр сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байна. Эдгээр өөрчлөлтийг хийх, эсэхийг Монгол Улсын нийт иргэдийн саналаар шийдвэрлэнэ гэдгийг онцолсон.  

    УИХ-ын даргын танилцуулгатай холбогдуулан иргэд, албан хаагчид асуулт асууж, тодорхой асуудалд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Уулзалтад оролцогчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд,  энэ нь Монгол Улс тусгаар тогтносон байдлаа үнэ цэнэтэй үеийн үед хадгалж явахыг баталгаажуулсан сонголт болно гэдгийг тодотгож байлаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог өөрчилж, иргэн бүрийн төрд төлөөлөх эрхийг хангахад чухал хувь нэмэр оруулах санал тусгасанд талархаж байгаагаа илэрхийлэв.  

    Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах саналд УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр үүсэх эерэг сөрөг тал, цаазын ялыг халах  шалтгаан нөхцөлийг илүүтэй лавлаж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна. Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас нөлөөлөлд автах эрсдэлтэй. Тиймээс тусгаар тогнолоо хамгаалах, аюулгүй  байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдгийг тэмдэглээд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр төсөв, хөрөнгө нэмэгдэх талтай ч амьдрал баялаг учраас  асуудлыг олон өнцгөөс харж, тунгааж шийдэх шаардлагатай гэв. 

    Мөн тэрбээр, Монгол Улсад цаазаар авах ялыг бүрэн халах асуудлыг Үндсэн хуульд тусгах  шаардлагатай гэж байлаа. Манай улс цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Өнөөдөр дэлхийн 199 орноос 144 орон цаазын ял хэрэглэдэггүй гэсэн нэмэлт тайлбарыг хийж байв. 

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ариунбат хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах цахим системийг үүсгэсэн нь  энэ удаагийн парламентын ардчиллын хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээгээд Эрүүгийн хууль болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдэд саналаа өгч байгаагаа дурдсан бол Нийслэлийн 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, сурган хүмүүжүүлэгч нарын  цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч ажиллах талаар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэг, онцгой байдлын албанд ажиллаж байгаа алба хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахгүй бол уг албанаас залуучууд олноор гарч, өөр ажилд шилжиж байгаа талаар санал хэлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404