Төрийн ордны хойно байрлах тамгатай хөшөөг хашаалж, цэцэрлэгийг иргэдэд “нээлттэй” болгох тогтоолын төслийг хэлэлцэв
2022/06/15

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын өнгөрөгч Даваа гарагт өргөн мэдүүлсэн “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хоёрхон хоногийн өмнө өргөн мэдүүлсэн, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаагүй асуудлыг гэнэт оруулж ирсэн нь энэ.

Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Мөн гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөх асуудлыг тусгасан болохыг УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээлж байсан.

Энэ асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ асуудлыг заавал тогтоолоор шийдэх шаардлага байна уу. Үндсэндээ хуультай дүйцэх хэмжээний асуудал.Цаг үеийн нөхцөлөөс нээлттэй, хаалттай байлгах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр тогтоолд өөрчлөлт оруулах болно. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар ч юм уу шийдэх боломж байхгүй юу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Иргэдийн жагсаж, цуглаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Харамсалтай нь зарим жагсаал цуглааныг төрийн эрхийг булаан авах уриалга руу хандуулдаг, хууль сахиулагчдын эрх чөлөөнд халддаг байдал нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон жагсаалын үеэр цагдаагийн нэг алба хаагчийг гэмтээсний улмаас өрөөсөн нүд нь юм харахаа больсон. Эзэн нь олдоогүй. Мөн тухайн үед хамгаалалтад зогссон цагдаа нарыг 7-8 цагийн турш жагсагчид элдвээр доромжил, нүүр рүү нь шүлсээ хаясан.

Энэ тогтоолын төслөөс Төрийн ордны арын хашааг иргэдэд нээлттэй болгож, цагдаагийн хамгаалалтад байлгах юм байна гэж ойлголоо. Ингэж байхаар хашааг нь буулгаж, иргэдэд нээлттэй болгож болохгүй юу. Харин төрийн тусгай хамгаалалтын бүсэд хашааг нь хэвээр нь байлгая.Тэгэхгүй бол цагдаа, иргэн хоёрыг дахиад л өдөр тутам тулгаралтад оруулах нь.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн тусга хамгаалалтын газраа уг тогтоолын төсөлд “Төрийн ордны нутаг дэвсгэрийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор Төрийн ордны хойд талын хашааг шинэчлэн засварлах, камержуулах” санал өгсөн.

Тэгэхээр хойд талын хашааг буулгах шаардлагагүй. Яагаад гэвэл Төрийн ордны гуравдугаар зэргийн хамгаалалттай бүсэд хамаарна. Төрийн ордны хамгаалалтын бүсээс гарсан ч Засгийн газрын буюу цагдаагийн хамгаалалтад байна.Тамгатай хөшөөний хойд талд хашаа нэмж бариад, камержуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтад шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын дарга аа. Хашаан дотроо ахиад хашаатай байна гэвэл иргэдэд бүр л муухай харагдана. Автомашины зогсоол байгаа хэсгээр хамгаалалтын зурвасаа тогтоогоод, тамгатай хөшөө болон ордны арын хэсэг тэр чигтэй иргэдэд нээлттэй байх нь илүү зохимжтой гэдэг санал хэлмээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404