Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2022/06/10

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Энхбаяр, Х.Баделхан, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж байгаа энэ цаг хугацаанд төрийн албаны засаглах чадамжийг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ард түмэндээ үйлчилдэг, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр шаардлагатай хууль тогтоомжийг батлан гаргах шаардлага үүсэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулсан. Уг зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, нийгэмд ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэх тогтолцоог бэхжүүлэхээр заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан зэрэг эрх зүйн баримт бичгүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсныг дурдав.

Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталж, 2002, 2017 онд тус тус шинэчлэн найруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, сахилгын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгосон. Засгийн газраас 2019 онд 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хэвшүүлэх, зөрчсөн бол хариуцлага тооцох хууль зүйн боломж бүрдсэн.

Төрийн албаны хуульд төрийн улс төрийн болон тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг холбогдох хууль тогтоомжоор тогтоохоор заасны дагуу тус тусын хууль тогтоомжид ёс зүйн асуудлыг тусган мөрдөж байна. Харин төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, гааль, зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг салбарын хууль тогтоомжоор зохицуулж байгаа хэдий ч ёс зүйн хэм хэмжээний төрөл харилцан адилгүй, албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх журам өөр өөр байдлаар хэрэгжиж байна. Төрийн тусгай албан тушаалтантай холбоотой ёс зүйн асуудлаар салбар тус бүртээ тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч зөрчлийн тоо мэдээ улсын хэмжээнд бүрэн нэгтгэгдэж гардаггүй, үнэлэлт дүгнэлт, дүн шинжилгээ хийдэггүй, нэгдсэн бодлого зохицуулалт хангалтгүй байгаа аж.

Төрийн улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон бие даасан хууль тогтоомж одоогоор байхгүй байна. Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудлыг эрхлэхээр хуульчилсан.Улсын Их Хурал 2021 оны 105 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн өндөр албан тушаалтнуудын ёс хэм хэмжээг тогтоох, сахин мөрдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн үндэслэлийг бий болгох санаачилга, эхлэлийг бий болгосон талаар хуулийн төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, журам, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх төвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, зохицуулалт сул хэвээр байна. Ёс зүйн дүрэм үйлчилж байгаа хэдий ч ёс зүйн зөрчил маргааныг шийдвэрлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх, хэвшүүлэх тогтолцоо сул байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны тайланд тусгагдсанаар нийт 1194 Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслөөр төрийн албаны ёс зүйн нийтлэг асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд бүх төрийн албан хаагчдын сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтооно гэлээ.

Хуулийн төслийг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг улсын хэмжээнд удирдан, зохицуулах нэгдсэн зохицуулалттай болж, төрийн болон орон нутгийн байгууллагын бүх шатанд төрийн албаны ёс зүй, соёлыг төлөвшүүлэхэд ахиц гарах, улмаар иргэд ёс зүйтэй чанартай төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж хууль санаалагчид үзэж байна.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Б.Баттөмөр, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны гишүүд төрийн албан хаагч ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, нийтийн эрх ашгийг хангах үүднээс сахилга хариуцлагыг чангатгах, нийгмийн бүх салбарт зөв төлөвшил тогтоохын чухлыг онцлон тэмдэглэж байсныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жаргалмаа, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Бейсен нар асуулт асууж, тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс зүйн ямар шалгуур тавигдах талаар тодруулсан. Төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуулийн төслийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зохицуулна. Жишээлбэл, албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулахаар тусгасан. Төрийн албаны зөвлөлд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар 2524 хууль бус томилгоо байсан. Нийт 326 хүн үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангагдаагүй анхааруулга аваад ажиллаж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулав.

Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн бүтээмж нэмэгдэх эсэхийг тодруулсан С.Бямбацогт гишүүний асуултад, “төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайдаг байдлыг арилгахад энэ хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэхгүй ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариуллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “2021 онд 419 ёс зүйн зөрчил гарсан. Харьцангуй буурч байна. Төрийн албан хаагчдынхаа ёс зүй, хариуцлага сахилга батыг сайжруулахад энэ хуулийн төсөл чиглэж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйд зарим ахиц дэвшлүүд гарч байна.” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар ёс зүйн хуультай болохыг дэмжиж байгаа ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатайг сануулсан. Мөн иргэд төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагын талаарх гомдол, саналаа хаана, яаж гаргаж шийдвэрлүүлэх талаар хуульд тодорхой зохицуулалт тусгах талаар саналаа хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхдаг, намын харьяаллаар халдаг байдлыг арилгах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ хүнээ багаас нь бэлтгэх, төлөвшүүлэх, ажлын байрандаа хөгжих боломжийг хангах, сургалтын хөтөлбөртэй болох шаардлагатайг хэлж байлаа.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404