Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн “Хүндэтгэлийн концерт” энэ сарын 16-ны 19:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна. Тус тоглолтод дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдэээс түүвэрлэн үзэгчдэдээ хүргэхээр бэлтгээд байна.
Тоглолтод Симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш, удирдаач Б.Батбаатар/СТА/, Б.Анар, дуучин Э.Анхбаяр/МУГЖ/, Б.Дэлгэрбаяр/СТА/, Д.Дүйнхэржав/СТА/, Ц.Хулан/СТА/ нар, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар Ч.Буянхишиг/МУСГЗ/ нар оролцох юм.
Тус найрал хөгжим нь анх 1957 онд Соёлын яамны тушаалаар Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж, анхны удирдаачаар Улсын гавъяат жүжигчин Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж байсан.
1958 оны хоёрдугаар сарын 25-нд анхны тоглолтоо удирдаач Ц.Намсрайжав, Г.Бирваа нарын удирдлагаар Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон дэлхийн сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч Л.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг Улсын Хөгжимт Драмын тайзнаа эгшиглүүлсэн нь Монгол Улсад сонгодог хөгжим үүсэж хөгжихийн эхлэл байсан юм.
Симфони найрал хөгжим нь Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж өдгөө 65 жилийн ой тохиож буй Монгол Улсын хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй сонгодог найрал хөгжим юм.