Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаггүй болох зохицуулалт бүхий хуулийн төслийг өнөөдөр (2022.06.03) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шүүхээс буцаагдсан хэрэг 10 гаруй хэрэг шалгагдаж байна. Хэрэгт шалгагдаж байсан хүн нас барчхаж байна. Тэр хүн тэнгэрт гэмт хэрэгтэн дүрээр очиж байна уу, үгүй юу мэдэхгүй. Бүгд үр хүүхэдтэй. Нийгэмд урьдчилаад зарладаг. Тэгээд "шалгаж байна" гээд 10 жил болдог, бизнесийг нь дээрэмддэг. Бас шүүхэд очсон хэргийг буцааж маш олон хүнд ял завшуулж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бүх хүний хэргийг шүүхээс буцаасаар байгаад хэрэгсэхгүй болгосон.
Иргэд итгэхээ больсон. Нэг олны анхаарлыг татсан хэрэг шүүхэд шилжлээ гэдэг, тэгээд л буцчихдаг. Тэр хүн гэмт хэрэгтэн мөн үү, биш үү, бүү мэд. Сүүлийн 2-3 жил шүүхэд шилжсэн олны анхаарлыг татсан бүх хэрэг прокурорт буцсан" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жишээ хэлэхэд "Жастын хэрэг"-ийг арав гаруй жил шалгаж байна. Шүүгч, өмгөөлөгч, мөрдөгч, яллагч дөрвийн дунд хэрэг нь "жонглёр" болсоор ирсэн. Тэгэхээр энэ хууль нэг бол ялаа аваад шоронд явдаг, эсхүл цагааддаг дэлхий нийтийн тогтолцоог нутагшуулж буйгаар хамгийн ач холбогдолтой юм. Мөрдөгч, шүүгчид маш хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага бий болж байна" гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Өнөөдөр чухал хууль батлагдлаа. Эрхзүйн салбарынхны сэтгэлгээнд маш том өөрчлөлт, хариуцлагыг авч ирнэ. Шүүх, прокурорууд "Буцаачих юм чинь" гээд дутуу, дулимаг ажиллах асуудал байхгүй болж байна. Өнөөдрөөс таны шийдвэр эцсийнх. Бусад бүх оронд ийм л байдаг. Энэ тогтолцоог бид сэргээж байгаа юм. Энгийн иргэдэд хэрэгтэй өөрчлөлт" гэлээ.