Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах уриалга гаргалаа
2022/05/14

Монгол Улс 2009 оны тавдугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Өнөөдрийн (2022.05.13) чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлтийг гишүүдэд уламжиллаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн зарим бүтээлийг гишүүдэд танилцуулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2016 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль баталсан. Мөн 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон байгуулсан. Ийнхүү эрх зүйн тогтолцоо бий болж, институцийн хөгжил шинэ түвшинд хүрсэн ч хуулийг хэрэгжүүлэх шатанд нөөц боломжоо дайчлан, хүртээмжтэй нийгэм байгуулахад сэтгэл зүтгэл гаргах, конвенцийн үзэл санааг ухамсарлан хэрэгжүүлэх шаардлагууд тавигдаж байна. 

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн санд татан төвлөрүүлж, уг мөнгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах, зарцуулалтыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод тайлагнах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд хуульд заасан гэрээрээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах зэрэг ажлын цагийн уян хатан нөхцлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байсныг 25 өдөр болгох зэрэг заалтуудыг тусгасан юм. 

Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг баталгаажуулсан ч сурч боловсрох, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, олон нийтийн барилга байгууламжид саадгүй нэвтрэх, таатай, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа хэрэгжүүлэх, дагаж мөрдөх шаардлагатай байна. 

Гурав хоногийн өмнө Үйлдвэр Худалдааны дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ тус сургуульд суралцдаг жүжигчин Ж.Баясгалантай таарахад тусгай хэрэгцээг нь хангасан шаттай учраас энэ сургуулийг сонгон суралцаж байгаагаа ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн харилцаанд тэгш оролцох, тусгай хэрэгцээнд нь нийцсэн ажлын байр, сурч боловсрох орчноор хангагдах эрхтэй. 

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад боловсролын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжүүд нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тусгай хэрэгцээнд нийцсэн байхаар зааж, хуульчилж буйг мөн тэмдэглэе. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, саадгүй хүрэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт суулгах, хуулийн биелэлтийг хянан шалгаж, тодорхой нэмэлт зохицуулалтыг тусган ажиллахад шат шатандаа анхаарч ажиллахыг уриалж байна. Энэхүү ажилд Улсын Их Хурлын гишүүд, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо түүчээлэн ажиллахыг хүсье гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404