Монголын жүдогийн ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ
2022/05/08

ЗОРЬСОНДОО ХҮРЭЭД УЛСЫН АВАРГА БОЛЛОО, ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ БАЯРТАЙ ОЧНО ОО...


Жүдо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Бөхийн өргөөнд хоёр өдрийн турш зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа. Тус тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарч, Улаанбаатар хот, 21 аймгийг төлөөлсөн 1300 гаруй хүүхэд өрсөлдсөн юм.

Энэ үеэр охидын хамгийн хөнгөн жин болох 32 кг-д алтан медаль хүртсэн Дорнод аймгийн тамирчин, 11 настай С.Мишээлийн баярын сэтгэгдлийг сонслоо. 

Тэрбээр "Би 2018 оноос жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Жүдо бөх хүнийг тэвчээртэй болгодог гэж боддог. 

Энэ тэмцээнээс алт аваад шилдэг тамирчин болж, мундаг болно гэж бодсон. Зорилгоо биелүүлж, алтан медаль авсандаа маш их баяртай байна. Одоо аав, ээж дээрээ баяртай очно оо.

Миний бодлоор мундаг тамирчин болохын тулд тэсвэр, тэвчээртэй байх хэрэгтэй. Багш маань ч гэсэн "Тэвчээртэй байгаарай" гэж дандаа хэлдэг юм. Тэгээд л би багшийнхаа зөвлөснөөр тэвчээртэй байж, тохиромжтой цагтаа мэхээ хийж чадсан. 

Би том болоод цагдаа, тамирчин бас дасгалжуулагч болно гэж боддог. Учир нь дасгалжуулагч хүн бусад хүүхдүүдийг сургаж, мундаг тамирчин болгодог. Харин цагдаа нар муу хүмүүсийг барьж, хүмүүст маш гоё үлгэр дуурайлал үзүүлдэг шүү дээ" хэмээн ярьсан юм. 

Тэмцээний үеэр Олимпын хошой аварга, Дэлхийн 10 удаагийн аварга, Францын алдарт жүдоч Теди Ринье ирж, бяцхан тамирчидтай уулзаж, шагнал гардуулсан юм.

Ингээд Монголын жүдогийн гэрэлт ирээдүй болсон бяцхан тамирчны сэтгэгдэл болон  алдарт жүдоч Теди Риньег хүүхдүүд хэрхэн хүлээж авсан талаар баярт мөчийг хүлээн авч үзнэ үү.

ВИДЕО ҮЗЭХ: 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404