Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2022/05/07

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан болно. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д  2021  онд хоёр удаа өөрчлөлт  оруулсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж хууль санаачлагч танилцуулав.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд:

1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байна. Гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав. Хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, дагалдах хууль болон ямар шатанд хэлэлцэгдэж байгааг иргэн та дараах холбоосоор орж, мэдэх, мөн саналаа өгөх боломжтой. https://d.parliament.mn/tusul/9c0a974f-5913-4473-abd3-e658ff93789a  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404