“Монгол өсвөр насныхан бусад ази хүүхдүүдтэй харьцуулахад аз жаргалгүй, ганцаардмал болохыг тогтоосон”
2022/05/05

Сүүлийн үед цар тахлын улмаас үүссэн хөл хорионы үр дагавар, цахим орчны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа зэргээс хамааран хүүхэд залуус тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд багагүй нөлөө үзүүлэх болсныг мэргэжилтнүүд, эцэг эхчүүд хэлэх болсон. Энэ хүрээнд “Эерэг дадал” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтнүүд монгол хүүхдүүдийн сэтгэл зүйд судалгаа хийжээ. Бид тус төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг (Msc)-тэй энэхүү судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

“МАНАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ҮГЭН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ НЬ ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ НЬ АЖИГЛАГДСАН”

- Та бүхний хийсэн энэхүү судалгааны зорилго юу вэ?
- Олон улсын байгууллагуудын судалгааны үр дүнгээс харвал манай өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд тун “хэцүү” байдалтай, мөн эрсдэлт зан үйлд өртөх нь түгээмэл байх хандлагатай дүр зураг ажиглагддаг. Жишээлбэл 2019 онд Солонгос судлаач нарын хэвлүүлсэн судалгаагаар монгол өсвөр насны хүүхдүүд бусад азийн улсуудын хүүхдүүдтэй харьцуулбал хамгийн аз жаргалгүй, ганцаардмал, тамхи их татдаг, эцэг эх нь хоорондоо их маргалддаг, дээрэлхүүлдэг, амиа хорлох сэдэлтэй гэсэн харамсалтай үр дүн гарсан.

Бүр эдийн засгийн нөхцөл байдал нь хүндхэн байгаа Шри Ланка улсын хүүхдүүдээс сул үр дүн гарсан. Цаашлаад ДЭМБ-аас явуулдаг сургуульд суурилсан сурагчдын эрүүл мэндийн судалгаанд амиа хорлох сэдэл болон үйлдэл хэр түгээмэл байгааг тодруулдаг. Гэтэл 2013 оны статистикийг харахад Монголд таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох сэдэлтэй гэсэн бол дөнгөж саяхан 2022 онд хэвлэгдсэн судалгаанаас харахад энэ тоо гурав хүүхэд тутмын нэг болж өөрчлөгдсөн байна.

Бас 2021 онд Лансет сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар монгол өсвөр насны хүүхдүүд хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг, бусад улсад хөвгүүд түлхүү хэрэглэх хандлагатай бол манай улсад хүйс хамаарахгүй хэрэглэдэг гэсэн үр дүн мэдээлсэн. Энэ бол маш ноцтой үр дүн шүү дээ. Өсвөр насны согтууруулах ундааны хэрэглээ маш олон эрсдлийг дагуулдаг. Гэтэл эдгээр дата, үр дүн олон нийтэд ил ч ихэнхдээ хэдхэн байгууллага, мэргэжилтнүүдийн хоорондын ажил мэт цомхон хүрээнд яригдаад л өнгөрдөг. Угтаа бол энэ чинь ээж аав бүрийн мэдэж байх ёстой мэдээлэл шүү дээ.

Нийт оролцогчийн 67 хувь нь харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй ба олон нийтийн сувгаар хэт гоё ганган, царайлаг хүмүүсийг харсны дараа өөртөө итгэлгүй болдог гэж хариулсан.
 

Нөгөө талаас эдгээр эрсдлийг ихэнхдээ гаднын байгууллагууд л судалж өгч байна. Ингэхдээ нэг бол бусад улсуудтай харьцуулах, эсвэл ерөнхий эрүүл мэндийн судалгааны хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэндийг товч тодруулах байдлаар л судалж байна. Өсвөр насныханд илрэх хандлагатай бүх сэтгэл зүй, зан үйлийн эрсдлийг бүрэн хамруулсан, дээрээс нь тэдгээрийн үүссэн шалтгаан нөхцөлийг давхар тодруулсан цогц судалгаа хангалттай хийгдэхгүй байна. Тиймээс бид энэ судалгааг хийхийн тулд хоёр жилийн өмнөөс төлөвлөж, бэлдэж, гүйцэтгэсний зорилго нь нэгдүгээрт зөвхөн сэтгэл зүй болон зан үйлийн эрсдэлд төвлөрсөн дээрээс нь үүсгэгч шалтгаан нөхцөлийг хамтад нь тодруулсан судалгаа хийх, хоёрт үр дүнгээ олон нийтэд нээлттэй хуваалцаж ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагч нарт танилцуулах байсан юм.  

- Нийт хэдэн хүүхдийг хамарсан болон ямар аргачлалаар авсан бэ?
- Судалгаанд 2000-оос илүү тооны 14-19 насны хүүхдүүд оролцсоноос яг статистик шинжилгээнд 1667 хариултыг хамруулсан. Үлдсэн нь дутуу бөглөсөн гэх мэтээр шаардлага хангаагүй гэсэн үг. Нэгт, бидний төсөл болох “Эерэг Дадал” платформоор дамжуулж өсвөр насныхныг нэрээ нууцлан, сайн дураар оролцохыг хүссэн. Судалгааны асуулга маань маш урт байсан хэдий ч хүүхдүүд идэвхтэй оролцож байсан. Гэсэн ч хөдөө орон нутгаас оролцогчид харьцангуй цөөн дээрээс нь хөвгүүд харьцангуй цөөн байсан тул эдгээр хүн амыг оролцуулахын тулд сургуулийн сэтгэл зүйч нараас тусламж хүссэн. Үр дүнд нь бүх 21 аймгийн төлөөлөл их, бага хэмжээнд оролцож мөн хүйсийн харилцаа тэнцвэртэй болсон. Асуулгын хувьд олон улсад баталгаажсан асуулгуудыг эх хэл рүү хөрвүүлж орчуулгын чанарыг шалгасны дараагаар хэрэглэсэн. Ер нь цаашдаа уг судалгааг илүү сайжруулсан түүврийн аргачлалаар магадгүй жил бүр явуулж байх хэрэгцээтэй.

Сэтгэл гутрал, түгшүүр, өөрийгөө гэмтээх үйлдэл, хоолноос татгалзах хандлага, түрэмгий зан үйл, дээрэлхэл, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ, нийгмийн хэм хэмжээг зөрчих, эрсдэлт үйлдэлд татагдах, бэлгийн харилцааны талаарх ташаа ойлголт зэрэг эрсдлүүдийг судалж үүнийг хувь хүний, гэр бүлийн, сургуулийн, үе тэнгийн хүчин зүйлстэй хэрхэн холбогдож байгааг шалгасан. Жишээ нь гэр бүлийн хувьд хоорондоо хэр нийцтэй, эерэг уур амьсгалтай вэ, мөн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байгаа эсэхийг тодруулсан гэсэн үг. Учир нь олон улсад өсвөр насныханд илрэх сэтгэл зүйн болон зан үйлийн эрсдэл нь орчны нөлөөтэй байх хандлагатай ба хүүхдийг орчин нөхцлөөс салгаж судлах боломжгүй гэж үздэг.  

“ХҮҮХДИЙГ ГАДААД БАЙДЛААР НЬ ТОГЛООМ НАРГИА ХИЙХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД НЬ МАШ ХОРТОЙ ГЭДГИЙГ БИ Ч ӨМНӨ НЬ ТААМАГЛАЖ БАЙСАНГҮЙ”

- Судалгааны үр дүнгээс онцолбол? Хамгийн ихээр анхаарал татсан зүйл нь юу байв?
- Aнхаарал татсан маш олон үр дүн ажиглагдсан. Гэтэл бид зөвхөн анхан шатны дүн шинжилгээ хийж ерөнхий зураглалыг л гаргалаа. Цугласан байгаа датанд дахин нарийн таамаглалууд дэвшүүлж нарийвчилсан шинжилгээ хийх боломж байгаа гэсэн үг. Үр дүнгийн хувьд зарим хэсгийг онцолбол:

- Таван хүүхдийн нэг нь амиа хорлох талаар нухацтай буюу олон дахин боддог. Зургаан хүүхдийн нэг нь амиа хорлох сэдлээр үйлдэл хийж байсан байна. Үүнд хамгийн хүчтэй холбогдсон хүчин зүйл нь эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс ирэх биеийн болон үгэн хүчирхийлэл байсан ба бид бусад төрлийн хүчирхийллийг тодруулаагүй. Ялангуяа үгэн хүчирхийлэл үйлдэх нь манай эцэг эх нарын дунд түгээмэл байдаг нь ажиглагдсан. Надад байнга гар хүрдэг буюу нэг үгээр зоддог гэж хариулсан оролцогч цөөхөн байсан бол намайг хэл амаар доромжилдог, гутаадаг гэж хариулах нь илүү түгээмэл байсан. Хүүхдийг зодож, гар хүрч хэрхэвч болохгүй гэдгийг эцэг эх нарт ойлгуулах гэж мэргэжилтнүүд маань хичээсээр л байгаа. Гэтэл энэ хэл аман хүчирхийллийг мөн таслан зогсоох, арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.

Өсвөр үед сэтгэл зүй, зан үйлийн эрсдлээс сэргийлж, боловсрол эзэмшиж, сэтгэл зүйн ур чадвараа хөгжүүлэх эсэхээс цаашдын амьдрал нь шийдэгдэнэ. Үүнд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс нь мэдээж эцэг эх болон багш нар.
 

- Хоёрт амиа хорлох үйлдэл хийж байсан хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү дээрэлхэлд өртсөн мөн үе тэнгийн нөлөөнд автах хандлагатай байсан. Зан үйлийн шинж тэмдгийн хувьд амиа хорлох сэдэлтэй хүүхдүүд илүү их ууртай, түрэмгий, амархан уйлдаг, бусдаас зайгаа барьдаг, өөрийгөө гэмтээнэ гэж заналхийлдэг байх хандлага ажиглагдсан.

- Согтууруулах ундааны хэрэглээ үнэхээр түгээмэл байна. 14 настай оролцогчдын 31 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулсан бол 19 насанд 89 хувь нь хэрэглэж үзсэн байна. Гэтэл 21 нас хүрэх хүртэл хуулиар хориглодог шүү дээ. Яагаад хэрэглэсэн шалтгааныг асуухад “сонирхож үзээд” гэж түгээмэл хариулсан бол дараагаар нь баяр ёслолоор хэрэглэсэн, сэтгэлээ засах гэж хэрэглэсэн гэх шалтгаанууд түгээмэл байв. Тэгэхээр нэг талаас баяр ёслол бол архидан согтуурах зорилготой гэдэг ойлголт үе дамжиж байна. Нөгөө талаас согтууруулах ундаа хэрэглэж буй нь ямар нэг сэтгэл зүйн асуудалтай байгаагийн шинж тэмдэг байж болохоор байна. Тухайлбал сэтгэл гутрал болон өөрийгөө гэмтээх үйлдэлтэй илүү хүчтэй холбогдож байсан. Дээрээс нь өмнөх судалгааны үр дүнг баталсан буюу охид хөвгүүд ижилхэн согтууруулах ундаа хэрэглэдэг, бүр охид үл ялиг илүү хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан.

- Манай өсвөр насны хүүхдүүд өөрийгөө голох, ялангуяа харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй байх нь түгээмэл ба энэ нь сэтгэл гутрал, түгшүүр, хоолноос татгалзах хандлага зэрэгт хүчтэй нөлөөлж байв. Нийт оролцогчийн 67 хувь нь харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй ба олон нийтийн сувгаар хэт гоё ганган, царайлаг хүмүүсийг харсны дараа өөртөө итгэлгүй болдог гэж хариулсан. Үүнд охид болон Улаанбаатар хотод амьдардаг оролцогчид түгээмэл байв. Та бүхэнд жишээ болгож нэгэн өсвөр насны охины захидлыг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр хүргэхэд  “...Би их бүлцэн нүдтэй, урт эрүүтэй буюу шаймийдуу. Гэтэл гэрийнхэн минь хүртэл онигор урт эрүүтэй, ийм тийм гээд гоочлоод байдаг. Өөрсдөө тоглож байна гэж л боддог. Гэтэл надад тэр үг нь их хүчтэй хүнд тусдаг. Үүнээс болоод би хүний өөдөөс эгцэлж харж чадахаа байсан. Учир нь энэ хүн намайг хараад өнөөх миний нүүрний онцгүй хэсгийг  юу гэж бодох бол, би яаж харагдаж байгаа бол, яаж нүүрээ халхалбал урт эрүү харагдахгүй бол гэх мэт бодлоос болж би хүнтэй эгцэлж удаан юм ярьж чаддаггүй...”  гэсэн байв.



Бид харагдах байдалд ач холбогдол өгөх, нэгэндээ тарган туранхай, гоё муухайгаар гоочлох байдал хэрээс хэтэрч байгаа нь энд харагдаж байна. Бид тэр хүнийг улам гоё болгох гэж хэлж байна эсвэл тоглоом наргиа хийж байна гэж боддог ч сэтгэл зүйд ийм хортой үйлдэл гэдгийг судалгааны үр дүн гартал би өөрөө ч таамаглаж байсангүй. Тийм учраас олон улсад Body Shaming буюу харагдах байдал, бие, эд эрхтнээр нь гоочлохын эсрэг хөдөлгөөнүүд хүчтэй байдаг юм байна. Гэх мэтчилэн зөвхөн сэтгэл зүйч мэргэжилтнүүд бус багш, эцэг эхчүүд хүртэл мэдвэл зохих маш олон үр дүн гарсан ба цаашид анхаарах, хийх үйлдлүүдийг мөн санал болгосон.

Хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглодог шиг хэл аман хүчирхийллийг мөн хориглож болох юм.
 

- Хүүхдүүдэд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлын суурь шалтгаан нь юу вэ?
- Эрсдэл бүр өөрийн гэсэн өвөрмөц “шалтгаануудтай” байсан. Үүнийг яагаад тодотгож байна вэ гэхээр шалтгааныг тодруулахын тулд туршилтын эсвэл урт хугацааны гэх мэт төвөгтэй судалгааны арга ашиглах шаардлагатай байдаг. Нэг агшны асуулгын аргаар цугласан датаг шалтгаан тодруулах зорилготой анализаар шалгаж болох ч урт хугацааны судалгааны арга зүй ашиглах нь зөв гэсэн үг. Тиймээс энэ судалгааг тогтмол явуулдаг болох шаардлагатай байгаа. Гэсэн ч түгээмэл давтан илэрч байсан шалтгаануудыг дурдвал:
- Өөрийн талаар таагүй төсөөлөл. Өөрийгөө царай муутай эсвэл хангалттай сайн хүүхэд биш гэж боддог байх.
- Амьдралдаа сэтгэл ханамжгүй байдал. Одоо амьдарч буй амьдралдаа сэтгэл ханамжгүй, дахин амьдрахаар бол энэ амьдралаар амьдрахгүй, гэр орон сууцны байдалдаа, гудамж талбай гэх мэт хүрээлэн буй орчинд сэтгэл ханамжгүй гэж хариулах.
- Эцэг эхийн хүчирхийлэл.
- Үе тэнгийн дээрэлхэл, ялангуяа цахим дээрэлхэл.
- Үе тэнгийн нөлөөнд автамтгай байдал буюу үе тэнгийнхэндээ таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор эсвэл тэднээс айсандаа хүсээгүй зүйлсээ хийх зэрэг байна.

- Өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд нийгэм тэр дундаа эцэг эх, багш, томчуудын зүгээс ямар хүчин чармайлт, дэмжлэг чухал вэ?
- Өсвөр үеийг шийдвэрлэх үе гэж үздэг. Энэ үед сэтгэл зүй, зан үйлийн эрсдлээс сэргийлж, боловсрол эзэмшиж, сэтгэл зүйн ур чадвараа хөгжүүлэх эсэхээс цаашдын амьдралын чанар шийдэгдэх хандлагатай. Үүнд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс нь мэдээж эцэг эх болон багш нар. Манай судалгаагаар “Асуудал үүссэн ч гэр бүлийнхэнтэйгээ тайван ярилцаж ойлголцож чаддаг” гэж хариулах нь сэтгэл гутрал зэрэг бидний хэмжсэн эрсдлүүдээс хамгаалах нөлөөтэй байсан. Гэртээ хоорондоо тайван ярилцах гэдэг энэ энгийн, жижиг үйлдэл л ийм хүчтэй нөлөөтэй байдаг гэсэн үг. Дээр нь “Би сургуульдаа явах дуртай, багш болон ангийнхантайгаа сайхан харилцаатай байдаг” гэж хариулах нь мөн л эрсдлээс хамгаалах хүчин зүйл болж байсан. Тиймээс ялангуяа эцэг эх болон багш нарт уриалахад өсвөр насны хүүхдийг хүндэлж, ярилцаж ойлголцохыг эрмэлзэж байцгаая.

- Тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхой хөтөлбөр болон эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ямар боломж нийгэмд байна вэ?
- Юун түрүүнд хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс ирэх хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах хэрэгтэй байна. Хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглодог шиг хэл аман хүчирхийллийг мөн хориглож болох юм. Энэ талаар эцэг эхчүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх ажлуудаа үргэлжлүүлэх нь чухал гэдэг нь ажиглагдсан. Учир нь эцэг эхийн хүчирхийлэл бүх төрлийн эрсдлийг мэдэгдэхүйцээр зарим тохиолдолд бүр 2, 3 дахин нэмэгдүүлж байсан. Мөн үе тэнгийн дээрэлхэл нь сургуулийн соёл, бодлого, хөтөлбөрөөр дамжуулан урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой зүйл. Судалгааны үр дүнгээр дээрэлхэл үйлдэхэд нөлөөлж буй хамгийн гол эрсдэл нь өөрөө дээрэлхэлд өртсөн байх байсан. Тиймээс дээрэлхэлт нь халдварладаг зүйл юм байна. Нэг хүүхдийг дээрэлхэлд өртөхөөс хамгаалснаар ирээдүйд дээрэлхэгч үүсэхээс мөн сэргийлдэг юм байна. Цаашлаад сэтгэл зүйн ур чадварууд ялангуяа стрессийг даван туулах ур чадвар нь аливаа сэтгэл зүйн эрсдлээс хамгаалж байсан. Энэ нь хүүхдэдээ зааж өгч, хөгжүүлэх бүрэн боломжтой чадвар учраас магадгүй ЕБС-н хөтөлбөрт стрессийг даван туулах ур чадварын хичээл оруулж болох юм. Энэ зэрэг саналуудыг тайлангийн төгсгөлд багтаасан.

- Ярилцсанд баярлалаа.

Монгол өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн судалгааны үр дүнг бид та бүхэнд удахгүй дэлгэрэнгүй хуваалцах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404