УИХ-ын гишүүдэд “D-Parliament” аппликейшнаар гомдол, хүсэлт илгээх боломжтой боллоо
2022/04/05

Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “My D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2022.04.05)  Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “My D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ.

Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар юм.

Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай.

Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна.

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн  хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.  Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

“My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.

Тодруулбал, цахим системд  Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд  тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн  санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Ийнхүү  цахим систем хэрэглээнд нэвтэрснээр таны сонирхож буй хуулийн төслийн үе шат бүр ил тод болохоос гадна өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ илгээх боломжтой болно.Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх 7 хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх 7 хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ.

Аппликейшныг:

•  Android системтэй гар утастай бол Play Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://play.google.com/store/apps/details?id=mn.code36.mylaw.mylaw_flutt холбоосоор татаж суулгах боломжтой.

Мөн https://d.parliament.mn цахим хуудаст нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404