УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнгөрсөн баасан /2022.04.01/ гарагийн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэл өгсөн.
Геологи хайгуул, олборлолт, борлуулалт болон хууль эрх зүйн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцгой үүрэгтэй гэдгийг тодотгосон.
Тухайлбал, уул уурхайн гаралтай эрдэс, түүхий эдийг боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэв. Тэрээр дан ганц энэ салбар бус бүх шатанд экспортыг дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхээс гадна гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулахад бодлогоор дэмжиж ажиллана гэж онцолсон юм.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлын улмаас хоёр жилийн турш эдийн засгийн сорилттой тулгарсны дараа гадаад байдал дахин хурцадмал болж, дэлхий нийтийг нөмөрсөн үнийн савлагаа манай оронд ч нөлөөлж байна. Ийм үед эрсдэлийг бодитой тооцоолж, боломж нөөцөө зөв ашиглан, олон нийтэд ил тод мэдээлэх зэргээр парламент болон Засгийн газар нэгдсэн бодлогоор тууштай ажиллаж, хүндрэлийг даван туулах учиртай. Юун түрүүнд бүх шатны төрийн байгууллагууд тэвчиж болох бүх зардлуудыг танахаас төсвийн хэмнэлт эхэлнэ” гэж тодотгожээ.
Өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийт хангалттай бүсээ чангалсан учраас цаашид үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад онцгой анхаарч, ард түмнээ бодсон эх оронч санаачлага гаргах нь чухал гэж УИХ-ын дарга онцолсон юм. Ийм санаачлагаар ажилласан хувь хүн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж, урамшуулах нь зүйтэй бөгөөд нөгөөтэйгүүр иргэд олон нийт, төрийн байгууллагууд шат шатандаа нэгдмэл эрмэлзэлтэй байж, хүндрэлийг даван туулахыг уриалсан юм.