Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өчигдөр (2022.01.18) өндөрлөв. Ээлжит чуулган өндөрлөж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулъя.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97 удаа, Дэд хороод 5 удаа, Түр хороод 9 удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн дүнтэйгээр өндөрлөж байна.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч болон шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна.
Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн маань 30 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиолоо. Бид 30 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулиа сурталчлах ажлыг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрхэм гишүүдийг идэвхтэй оролцохыг хүсье. Чуулган завсарласан энэ үед ч гэсэн Үндсэн хуулиа сурталчлах, Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэх ажил цаашид үргэлжилнэ гэж үзэж байна.
Монгол түмний сонгон авсан үндсэн хуульт ёс, парламентын ардчилсан засаглал зөв сонголт гэдэгт монголчууд бүрнээ итгэлтэй буйгаа дахин нотоллоо. Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тэнцлийн зарчим цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ сонголт хөгжил дэвшлийн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн, монгол хүний сайн сайхан амьдралын төлөөх сонголт билээ. Энэ сонголт, түүний баталгаа нь Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль юм.
Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл санааг хэлбэрэлтгүй сахиж, зүйл, заалт бүрийг хуульчлан дагаж мөрдөх нь сонголтоо үр дүнд хүргэж, сонгодог ардчилсан парламентын тогтолцоо бүрдэх үндсэн нөхцөл болно.
Хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн гээд үндсэн гурван чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бид гагцхүү Үндсэн хуулиа мөрдлөг болгож, түүний үзэл баримтлалаар зүг чигээ хийх учиртай. Засгийн газрыг тогтвортой ажиллуулж хууль биелүүлж хэрэгжүүлж ажиллахад саад болдоггүй байх, хууль тогтоох эрх мэдэлд хэн ч халддаггүй байх, шүүх эрх мэдэлд хэн ч нөлөөлдөггүй байх, зөвхөн хууль засагладаг байх эрх зүйт төр бүрдэж Үндсэн хуулийн хяналт-тэнцэл эрх мэдлийн хуваарилалт хангагдах ёстой.
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэх, зүйл, заалт нэг бүрийг мэдэж, ёсчлон сахидаг болох нь иргэн бүрийн үндсэн үүрэг билээ. Үүний тулд иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох ажлыг шат дараатай, зорилго чиглэлтэй хийх ёстой гэж үзэж байна. Ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад парламентын болон Үндсэн хуулийн боловсрол нэн чухал юм. Тиймээс Улсын Их Хурлын Тамгын газар Үндсэн хуулийн болон Парламентын боловсрол хөтөлбөрийг эхлүүлээд байна. Эхний ээлжинд 12-17 насны хүүхэд багачуудад зориулсан Үндсэн хууль, парламентат ёсны сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудалгүй хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүрэг, оролцоог дээшлүүлж, хүлээх хариуцлагыг сайжруулах нь тулгамдсан асуудал мөн.
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрээс дараах 5 багц асуудлыг онцолж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ.
Хууль батлах нэг хэрэг, харин хуулийг хэрэгжүүлэхдээ түүний агуулга, зарчимд яв цав нийцүүлж аливаа гажуудал гаргахгүй байх нь түүнээс ч чухал байна.
Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй, хууль хоорондын уялдаа холбоо алдагдах, давхцал хийдэл, зөрчил гарах явдал түгээмэл байж иржээ. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.
Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эргэх хандлагын хяналтыг Улсын Их Хурал хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээр баталсан хуулийнхаа хэрэгжилтэд бүрэн зураглал хийх бодит боломж бүрдэх юм.
Нөгөө талаас иргэний мэдэх эрх, төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, улмаар төрийн албыг бүх шатанд хариуцлагажуулах хөшүүрэг болно гэж үзэж байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тусгайлан зааж өгсний ач холбогдол үүнд оршино.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, олон улсын парламентуудын үйл ажиллагаанд түгээмэл жишиг болсон хянан шалгах үйл ажиллагаа явуулж, хуульд заасны дагуу хянан шалгах сонсгол хийж холбогдох гэрч, албан тушаалтнаас мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох зэргээр асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэндээ ил болгох замаар Үндсэн хуулийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах боломжийг бүрдүүлэх юм.
Хууль сайн хэрэгжихэд хувь хүний гүйцэтгэх үүрэг чухал. Ийм учраас зөв хүн олж нэр дэвшүүлж томилдог байх асуудал засаглалын амин чухал асуудал. Ийм учраас нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалтыг хуульчилсан. Улсын Их Хурлаар хэлэлцэн томилдог албан тушаалтнуудыг зөвхөн тухайн албан тушаалыг хаших мэдлэг, чадвар, ёс зүй, хуулийн шаардлагыг хангасан байх шаардлагад нийцүүлэн нэр дэвшүүлж, нийтийн сонсголоор томилох заалт энэ хуульд туссан. Ингэснээр албан тушаалтнуудыг ард түмний шүүлтүүрээр оруулж томилох боломж бүрдэж байгаа юм.
Энэ чуулганы хугацаанд Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь шүүхийн шинэчлэлийн үндсэн үзэл санаа амжилттай хэрэгжиж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудал хэн нэгэн албан тушаалтнаас хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангахад чухал алхам болсон гэж үзэж байна. Мөн цаашдаа, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, байр байшин төдийгүй байршлыг нь хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Чуулганы завсарлах хугацаанд ажлын хэсэг эдгээр асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг хуульчиллаа.
Төрийн байгууллагад байгаа ажлын сул орон тоог мэдэж, түүнд өрсөлдөх боломж нээлттэй болно. Түүнчлэн бүх төрлийн тендерийн мэдээлэл ил болж, тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэл, шалтгаан нээлттэй байхаар заасан. Ингэснээр тендерийг “хуудуутай” явуулах нүх сүв хаагдана. Мөн хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь тодорхой болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нээлттэй ил тод байхаар заалаа. Энэ мэтийн 68 мэдээлэл иргэний мэдэх эрхийн хүрээнд ил болсноор шударга ёс, хариуцлага бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг баталгаажуулж, хүний хувийн мэдээлэл гэж чухам юу вэ гэдгийг тогтоон тодорхойлж, түүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүллээ.
Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон.
Энэ ташрамд, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж, сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар зохицуулсныг цохон тэмдэглэж хэлье.
Гуравдугаарт, Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа.
Дижитал үндэстэн болох, цахим шилжилт хийж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгахад Цахим гарын үсгийн тухай хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30,399 иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг олгосон нь үндсэндээ тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болсныг харгалзан хуулийг шинэчлэв. Цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийхдээ, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглах боломжийг энэ хуулиар нээж байна.
Сүүлийн 15 жил яригдаж байсан Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа. Мэдээллийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн мөн гэдгийг бид хуулиар хүлээн зөвшөөрсөн хэрнээ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо одоо болтол бүрдээгүй байсан юм.
Хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах боломж бүрдлээ.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн баталлаа.
Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Бодлогод тусгасан 6 бүлэгт хамаарах 29 зорилтыг хэрэгжүүлснээр боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болно. Урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх ба боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Ковид-19 цар тахлын дараах үеийн улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд 2022 оны улсын төсөв чиглэгдсэн.
Энэ онд дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь зангилаа асуудал байх болно.
Тавдугаарт, 2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ.
Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачилгатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна. Ийм хүнд цаг үед Улсын Их Хурал, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна.
Эхний ээлжинд Ирээдүйн өв сангийн хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу Баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслүүдийн хамт яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэх шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн орд газруудын 10 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс эхлээд байгалийн баялагийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого арга хэмжээг боловсруулж ажиллах шаардлагатай байна.
Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна. Эдгээр хуулийг хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.
Улсын Их Хурлын Байнгын болон Дэд хороод чуулганы завсарлагааны үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллавал зохино. Энэ ажилд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулалт, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон боловсролын багц хуулийн төсөл зэрэг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдээр холбогдох ажлын хэсгүүд, Байнгын хороо чуулганы завсарлагааны үед төрөлжсөн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, сайтар хэлэлцэн ирэх хаврын чуулганаар батлуулахад бэлтгэх хэрэгтэй. Үүнд, сонгодог парламентын засаглалаа төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахад чиглэсэн хуулиудыг боловсруулж, хэлэлцүүлэх ажил ч мөн хамаарна.
Шинээр батлан гаргаж байгаа болон дагаж мөрдөж байгаа хуулиудад хүний эрхийг хязгаарласан, дордуулсан заалт байж хэрхэвч таарахгүй гэдгийг давтаж хэлье. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад буй хүний эрхийг хязгаарласан заалтуудыг засаж өөрчлөх ажил 2022 оны хаврын ээлжит чуулганаас эхлэх тул бэлтгэлийг нь завсарлагын хугацаанд хийж амжуулбал зохино. Энэ ажил холбогдох Байнгын болон Дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисст хамаарна.
Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. Хил, гааль тээвэр ложистикийн асуудлыг шуурхай, зөв зохицуулах нь улс орны эдийн засаг, нийгмийн болон мөнгө санхүүгийн бүхий л хүрээний асуудлыг шийдвэрлэх гол зангилаа болж байна.
Мөн банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, инфляцыг эхний ээлжинд тогтворжуулах, цаашдаа бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, үнийн хөөрөгдлийг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөж, удахгүй тохиох үндэсний уламжлалт баяр Цагаан сараа КОВИД-ийн тархалтаас сайтар сэргийлсэн орчинд, гэр бүлийнхээ хүрээнд угтан тэмдэглэхийг хүсье.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган завсарласныг мэдэгдье.