УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн санал хураалт болон Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсоно.
Үргэлжлүүлэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өмнө нь УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд гишүүд асуулт асуух, асуулга тавих, тайлан мэдээлэл сонсох гэдэг гурван хэлбэртэй байсан. Тэгвэл одоо үүн дээр нэмэгдээд хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дагаварт үнэлгээ хийх, төсвийн хяналт тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг дөрвөн хяналтыг УИХ-аас тавьдаг болж байна.
Үүний нэг хэлбэр нь тайлан, мэдээлэл сонсох. Өмнө нь бид Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт, төсвийн гүйцэтгэл, жил бүрийн үндсэн чиглэлийн биелэлт зэргийг хэлэлцдэг. Гэвч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй байсан. Хөгжлийн төлөвлөлтийн бичиг баримтын таван үндсэн зорилт болох Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн долоон зорилт, Урт хугацааны алсын хараа гэсэн таван бодлогын уялдаа холбоог хэрхэн хангаж байгаад УИХ хяналт тавина" гэдэг мэдээлэл өглөө.
11:50 2021/11/12
Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ эцэслэн баталлаа.
09:01 2021/11/12
УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн батална.
Ирэх оны төсвийн тухай хуулийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн заалттай билээ.
Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн дагуу Баасан гарагийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.