Шинэ Ерөнхийлөгчид үйлчлэх шинэчилсэн хуулийг баталлаа
2021/10/29

Өнөөдрийн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Ингээд удахгүй УИХ-д өргөн баригдах Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ЭХЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ, ОГЦРУУЛАХ

  • 4.1.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдснаас хойш 30 хоногийн дотор шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэнхуулийн Гучин хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсгээр тогтоосон тангарагийг Улсын Их Хуралд өргөнө.
  • 4.2.Ерөнхийлөгчийн бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
  • 4.3.Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтооно.
  • 4.4.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
  • 4.4.1.биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;
  • 4.4.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
  • 4.4.3.нас нөгчсөн.
  • 4.5.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БОЛОХГҮЙ АЖИЛ,  АЛБАН ТУШААЛ, ГИШҮҮНЧЛЭЛ

  • 6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн найм дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохгүй.
  • 6.2.Ерөнхийлөгч сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 6.1-д заасан ажил, албан тушаал эрхэлж байсан бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
  • 6.3.Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүн бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлсэн эсхүл гишүүнчлэлээс гарсан байна.
  • 6.4.Ерөнхийлөгч ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байхыг хориглоно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАХИРАМЖ

  • 7.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг эсхүл захирамж гаргана.
  • 7.2.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 12-т заасан цэрэг хөдөлгөх шийдвэр гаргах эсхүл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар иргэнийг нэр  дэвшүүлэх тохиолдолд захирамж, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргана.
  • 7.3.Ерөнхийлөгч хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээ тогтоосон зарлиг гаргана.
  • 7.4.Ерөнхийлөгч хэм хэмжээ тогтоосон зарлиг гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг эш үндэс болгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах хэм хэмжээ тогтоосон зарлигийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
  • 7.5.Зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хуульд нийцэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга эсхүл асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөх нотолсон байвал зохино.
  • 7.6.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн төсөлд Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд зарлигийг гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
  • 7.7.Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан
  • Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол тухайн зарлиг хүчингүй болсонд тооцно.
  • 7.8.Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй олон нийтэд мэдэгдэнэ.
  • 7.9.Төрийн нууцад хамаарахаас бусад Ерөнхийлөгчийн зарлигийг гаргасан өдрөөс нь хойш ажлын гурван өдрийн дотор цахимаар, хууль тогтоомжид заасан хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.
  • 7.10.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигт өөрөөр заагаагүй бол уг зарлиг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлигт өөрөөр заагаагүй бол зарлиг гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.
  • 7.11.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.
  • 7.12.Ерөнхийлөгчийн зарлигийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд
  • мэдээлэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын болон энэ хуулийн 7.11-д заасан цахим хуудас, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
  • 7.13.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно.
  • 7.14.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох Улсын Их Хурлын тогтоол гармагц Ерөнхийлөгчийн зарлигийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
  • 7.15.Хуульд нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

УЛСЫН ИХ ХУРАЛТАЙ ХАРИЛЦАХ ТАЛААРХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 10.1.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргах эрхтэй.
  • 10.2.Энэ хуулийн 10.1-д заасан санаачилгыг гаргасан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
  • 10.3.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор товлон зарлаж хуралдуулах талаар зарлиг гаргах үүрэгтэй.
  • 10.4.Ерөнхийлөгч энэ хуулийн 10.3-т заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлаж хуралдуулах зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөнө.
  • 10.5.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах үүрэгтэй.
  • 10.6.Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргах үүрэгтэй:
  • 10.6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол.
  • 10.7.Ерөнхийлөгч Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Улсын Их Хурлыг өөрөө тарах шийдвэр гаргах талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгож, Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэх эрхтэй.
  • 10.8.Ерөнхийлөгч энэ хуулийн 10.7-д заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх талаар Улсын Их Хурлын даргад албан бичгээр санал гаргаж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл, шалтгааныг дурдсан байна.
  • 10.9.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 10.8-д заасан саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад  болохгүй.
  • 10.10.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 12-т заасан онц байдал, дайны байдал зарласан зарлиг гаргасан тохиолдолд даруй Улсын Их Хурлын даргад хүргүүлэх үүрэгтэй.
  • 10.11.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг,гадаад харилцаа, улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс Улсын Их Хуралд хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад бодлогын асуудлаар үг хэлж, мэдээлэл хийх, саналаа оруулах эрхтэй.
  • 10.12.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно.
  • 10.13.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.
  • 10.14.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд хүргүүлж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАРИЛЦАХ ТАЛААРХ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 11.1.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдаас зөвшилцөхөөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар долоо хоногийн дотор саналаа өгнө.
  • 11.2.Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах Ерөнхий сайдын шийдвэр гаргахаас ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө танилцах эрхтэй бөгөөд уул хугацаанд танилцаагүй бол танилцсанд тооцно.
  • 11.3.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн биелэлтийн талаархи мэдээллийг Засгийн газраас авах эрхтэй.
  • 11.4.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлж, санал авна.
  • 11.5.Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшинд айлчлал хэрэгжүүлэх, олон улсын хуралд оролцохтой холбоотой гадаад арга хэмжээг Засгийн газартай зөвшилцөн зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтныг оролцуулах үүрэгтэй.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТАЛААРХИ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 13.1.Ерөнхийлөгч гадаад харилцааны талаархи бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй.
  • 13.2.Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
  • 13.3.Ерөнхийлөгч гадаад бодлогын байр суурийг Засгийн газартай зөвшилцөн илэрхийлж болно.
  • 13.4.Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.
  • 13.5.Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээний үеэр зохих журмын дагуу баталсан үндсэн чиглэл, уулзалт, яриа хэлэлцээний сэдвийг чанд баримтална.
  • 13.6.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөж, агреман ирснээс хойш 14 хоногийн дотор томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.
  • 13.7.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

БҮХ ШАТНЫ ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХ, УЛСЫН ЕРӨНХИЙ  ПРОКУРОР, ТҮҮНИЙ ОРЛОГЧИЙГ ТОМИЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ

  • 14.1.Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • 14.2.Ерөнхийлөгч шүүгчээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
  • 14.3.Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
  • 14.4.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцсөнөөс хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 14.5.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • 14.6.Улсын Их Хурал энэ хуулийн 14.5-д заасны дагуу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцөх саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.
  • 14.7.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн хуульд заасан журмын дагуу түүний орлогчийг томилно.
  • 15 дугаар зүйл.Хууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрх
  • 15.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг болон төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга, гамшиг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай анхдагч хууль, нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар Ерөнхийлөгч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуульд заасан журмын дагуу санаачлах эрхтэй.
  • 15.2.Хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

ХУУЛЬ, БУСАД ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 16.1.Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй:
  • 16.1.1.хууль, бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
  • 16.1.2.хууль, бусад шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
  • 16.1.3.хууль, бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл.
  • 16.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавихдаа энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлийг тодорхой зааж, тайлбарласан байна.
  • 16.3.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан дараах хууль, бусад шийдвэрт хориг тавихгүй:
  • 16.3.1.Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 16.3.2.Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль;
  • 16.3.3.Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.4.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.5.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалтын талаар гаргасан шийдвэр;
  • 16.3.6.хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэр.

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 18.1.Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний шүүхээс оногдуулсан ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх уучлал үзүүлэх зарлиг гаргаж болно.
  • 18.2.Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлигийг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний уучлал хүсэх тухай өргөдлийг дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан гаргана.
  • 18.3.Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бол Улсын ерөнхий прокурорт хандаж уучлал үзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж болно.
  • 18.4.Эрүүгийн хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, хүүхдийн эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг, авлигын болон Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй.
  • 18.5.Энэ хуулийн 18.4-т заасан зохицуулалт нь насанд хүрээгүй хүнд хамаарахгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУСАД БҮРЭН ЭРХ

  • 19.1.Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.
  • 19.2.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналаа цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эсхүл бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор холбогдох хуульд заасан журмын дагуу захирамж гарган Улсын Их Хуралд оруулна.
  • 19.3.Ерөнхийлөгч дараах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болно:
  • 19.3.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 19.3.2.ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 19.3.3.Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  • 19.3.4.Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
  • 19.4.Төрийн болон албаны нууц, хуулиар хамгаалагдсан байгууллага, хүний хувийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
  • 19.5.Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах үүрэгтэй.
  • 19.6.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлж болно

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • 21.1.Ерөнхийлөгч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
  • 21.1.1.Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах үйлдэл, эс үйлдэл, шийдвэр гаргах;
  • 21.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
  • 21.1.3.Ерөнхийлөгчийн нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
  • 21.1.4.Ерөнхийлөгчийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
  • 21.1.5.Ерөнхийлөгчийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
  • 21.1.6.гадаад, дотоодын ашгийн төлөө хуулийн этгээд болон бусад байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
  • 21.1.7.Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх;
  • 21.1.8.аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;
  • 21.1.10.бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;
  • 21.1.11.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;
  • 21.1.12.улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, улс төрийн нам байгуулах, үйл ажиллагааг санхүүжүүлэх.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛСНЫ ДАРААХ ХЯЗГААРЛАЛТ

  • 23.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
  • 23.2.Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
  • 23.3.Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  • 23.4.Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
  • 24 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар  болсны дараах баталгаа
  • 24.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
  • 24.2.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
  • 24.3.Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404