Хуулийн төсөлд дараах зүйл заалтыг оруулсан нь гишүүдийн анхаарлыг ихээр татаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллараас доошгүй байх нөхцлийг зааж өгчээ. Энэ талаар тодорхой тайлбар авмаар байна. Гадаад хөрөнгө оруулагч болох босгыг хэтэрхий хөнгөлж байгаа юм биш үү?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Канад улс жагсдаг. Хоёрдугаарт БНХАУ эзэлж байна. 100 мянган ам.доллартай холбоотойгоор ялгаварлахгүй байх зарчим алдагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдаа ялгаварламааргүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нараас гомдол ирэх тохиолдол багагүй байдаг. Мөн 100 мянган ам.долларыг түр дансанд байршуулдаг. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлж байгаа шүү дээ. Өнгөрсөн 2020 онд Монголд гадаадын хөрөнгө оруулалтай 70 компани байгуулагдсан маш бага тоо. Хөрөнгө оруулагч болгон 100 мянган ам.доллар байршуулах ёстой болдог. Энэ нь эргээд асуудал үүсгэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Гэхдээ эдгээр асуудлыг шийдээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Монголын маш олон хууль тогтоомжид тээг байна. Үүнийг арилгахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж бизнесийнхэн ярьдаг. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн том айдас бол авлига, төрийн дээд албан тушаалтнуудын дээрэм. Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн олон кейс бий. Энэ асуудлыг засаж сайжруулах тал дээр ямар зүйл заалт тусгагдсан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын төрд итгэх итгэлийг хэрхэн олж авах вэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:Энэ хуулийн төсөл дэх гурван өгүүлбэрээр бизнесийн орчныг эрүүлжүүлэх ямар ч боломжгүй, бүх асуудлыг өргөс авч байгаатай адил авах боломжгүй. Бид алхам алхмаар урагшилж байна. Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Хуулийн гол зарчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээр нь ялгаварлахгүйгээр дэмжиж явах юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид нар 10 жилийн хугацаанд 10 тэрбум эдийн засагт гацчихаад байна. Үүнийг тэлэх нэг арга бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалтаар ам.доллар орж ирнэ шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг авахын давуу тал нь зээл биш учир өр үүсэхгүй. Хөрөнгө оруулагч өөрөө харицлагаа үүрнэ. Жижигхэн эдийн засагтай манай улсад энэ бол эдийн засгаа тэлэх гарц. Азийн хөгжилтэй орнууд хөрөнгө оруулалт татаж чадснаар өдий хэмжээнд ирсэн. Юун цагаачид орж ирэх. Юун улс орны аюулгүй байдал. Дандаа ийм популизм ярьж болохгүй. Европын орнууд дотроо чөлөөтэй зорчдог шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын босготой холбоотой хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ үүн дотор анализ хийж үзэх хэрэгтэй. Босгыг нь 50 мянган ам.доллар болгочихоор маргаашнаас эхлээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Ямар ч логикгүй байна. Аль салбарт хичнээн хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт багассан гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ. 100-г 50 болгосноор эсвэл эхнэр, нөхөр нь байнгын оршин суугчийн визтэй болгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Гол асуудал нь хээл хахуулиа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж дэмий юм ярьсан. Одоо үүнийгээ ажил болго. Гэтэл түүнийгаа мартчихаад тэрбум мод яриад явж байна. Мөн хулгайгаа боль. Хүний эрх, эрх чөлөөг хүндэл. Иргэнээ хүндэлж чаддаггүй хүнд ямар улс орон хөрөнгө оруулалт хийхэв дээ. Юунд гадаадын хөрөнгө оруулалт оруулах вэ гэдгийг сайн ярилцаж судлах хэрэгтэй.