УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Намрын чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2021.10.07) болно.
Хуралдаанаар:
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
- Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал
- УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.
Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
ДӨНГӨЖ СЭРГЭЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГТ ДУСАЛ ЗАЛГАНА
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэлэхдээ “Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлно. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, урт хугацааны өсөлтийг хангахад бизнесийн таатай орчин бүрдүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэлтийг хийнэ. Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ. Ингэхдээ өнгөц өөрчлөлт бус, өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих шинэчлэл хийнэ. Үүний тулд уул уурхайн салбарт хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэлт хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулна” гэж онцолсон.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталжээ.