МАН баяр наадмаас өмнө Өршөөлийн хуулийг батална
2021/06/28

УИХ Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль батлахаар болсон. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, УИХ-д удахгүй өргөн барих аж. Уг хуулийг баяр наадмын өмнө батлах юм байна.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН  ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Энэ талаар өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг их амаргүй. 6000-7000 хоригдлын дундаас өршөөлд хамруулах асуудлыг ярьдаг. Өмнө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 1200 орчим хүн суллагддаг байсан. Мөн хорихоос өөр төрлийн ялыг өршөөлд хамруулдаг. Өршөөлийн ажиллагаа нэлээд хүн хүч шаарддаг ажил. Ер нь 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд ч, хоригдлуудын дунд ч бий. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гарч таарах байх. Өршөөлийн хуулийг 2015 оны баталсан хуулийн хүрээнд дахин боловсруулна. Ял эдэлж байгаа хүмүүсийн дотор хуучин, шинэ хуулиар шийтгэгдсэн хүмүүс бий. Үүнийг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал бий.

Авлига албан тушаалын хэрэг, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас хасалт хийх байх. Одоогоор төсөл нь орж ирээгүй учраас сайн мэдэхгүй байна" гэлээ. Дээрх хууль батлагдсанаар нийгэмд авлига албан тушаалын хэрэгтнүүд суллагдаж магадгүй гэх хардлага төрөөд буй.

2020 оны байдлаар хорих ял эдэлж буй 7200 хүн байгаа аж. Хуульчдын тайлбарласнаар уг хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн хөнгөн гэмт хэргийг ялаас хөнгөрүүлж, бусад гэмт хэргийг хүнд хүндэвтэрээс үл хамааран дэглэм бууруулах асуудлыг тусгаж буй аж. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодруулахад “Энэ хуулийн төслийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өршөөлийн тухай хуулийн талаар анх УИХ-ын дарга Г.Занданшатар ам нээсэн. Тэрбээр цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл эрх баригчид хэдэн хүнийг суллах эсэх дээр ойлголцолд хүрээгүй байгаа бололтой.

Үүнээс гадна Өршөөлийн хуулиар зөрчлийн бүх хэргийг хаахаар судалж байгаа аж. Учир нь Зөрчлийн тухай хуулийг эрх баригчид баталснаар түр саатуулах байр, урьдчилан хорих ангийн ачаалал нэмэгдэх болсныг хуульчид хэлдэг.

Эргэн сануулахад, Монгол Улс 1990 оноос хойш 30 жилийн  хугацаанд зургаан удаа өршөөлийн хууль баталж байсан.  Хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан байдаг. Иргэдийн зүгээс дээрх хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал, авлигчдыг өөгшүүлж, хуулийн цоорхойгоор далимдуулж байна гэх ч бий. Гэхдээ уг хуулийн төсөлд хэчнээн хүн хамруулах нь улс төрийнхний маргаан болоод буй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404