УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан
2021/05/27

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, УИХ-ын 23 гишүүн өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан төслийн талаар танилцуулахдаа, “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо хэмжээнд идэвхтэй  ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэлд тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллахыг тэмдэглэв. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татвар хөнгөлөх, чөлөөлөх бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжид хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна.  Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн Э.Бат-Амгалан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 25-ны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж хариулт авч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүн үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 53 гишүүний 38 нь буюу 71.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404