Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сандаг-Очир: Хэрэгжих хугацаа хэзээ вэ. Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 30-40 тэрбум орчим төгрөг шаардагдах юм байна гэж байсан. Төсөв баталчихсан учраас энэ зардлыг хэрхэн гаргах вэ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 52 мянган эх цалинтай ээж хөтөлбөрөөс хасагддаг. Эдгээр ээж нарын гэр бүлийн хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг судлахад 20 орчим мянга нь эрхлээгүй байгаа судалгаа гарсан. Энэ жилийн хувьд 6.6 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа тооцоо байна. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн Ж.Сандаг-Очир: Тодотгол хийх юм уу? Хэрхэн шийдэх юм бэ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Төсөвт 196 мянган эхчүүдэд 92 тэрбум төгрөг олгохоор тусгасан. Одоогийн төлөвлөгөөгөөр харахад энэ мөнгийг гаргах боломжтой байгаа тул төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна.