Гэрт нь дайрч орон эхнэрийг нь барьцаалжээ
2018/10/22

Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалан авч явсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр, нөхөр хоёрын гэрт хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Гэмт этгээд үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаад дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Сэжигтнүүд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад, "Приус" маркийн автомашинд суулган авч явсан байна. Бүсгүйн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь тогтоогджээ. Бүсгүйн нөхөр ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө “Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа” хэмээжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайж, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн дотор барьж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин ийн гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг үйлдсэн сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, 1978 онд төрсөн Э гэх нэгэн байсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404