УИХ-ын гишүүд өөрсдийгөө 380 тэрбумаар авлигадана
2018/10/22

УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 2019 оны төсөв Засгийн газар бодлогын хувьд сайн төсөв болсон гэж гишүүд үзэж байгаа бол иргэд олон нийт "өмнөх Засгийн үед тавьсан өр төлбөр, зээлийн хүүнд баригдаж, гадны улсуудаас хандив бадар гуйж байгаа энэ цаг үед үрэлгэн төсөв байж болохгүй" гэдгийг сануулсаар байгаа юм.

Олон нийтийн зүгээс ийн сануулсаар байтал эрх баригчид ирэх оны төсөвт УИХ-ын гишүүн тус бүрт 5 тэрбум төгрөгийг суулгахаар санал оруулжээ. УИХ-ын гишүүний сонгогдсон тойрогт зарцуулахаар төсөвт тусгайлан баталж байгаа мөнгө буюу одоогийн хэлэлцэгдэж буй 5 тэрбум төгрөг нь анх 2004 онд 10 сая төгрөгөөр эхэлж, 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2009 онд нэг тэрбум төгрөг болж анхны дүнгээсээ нэг зуу дахин үржиж нэмэгдсээр өнөөг хүрсэн. Олон нийт байнга эсэргүүцсээр байсан хэдий ч  Засгийн эрх барьдаг 76 нөхөр өөрсдөдөө ийнхүү мөнгө төсөвлөдөг жишиг тогтоож чадсан юм. Үндсэн хуулийн цэц тойрогт хуваарилж буй мөнгийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэр гаргасан ч одоог хүртэл тэр нь хүчин төгөлдөр байсаар, тойргийнхоо өрхийн эмнэлэгт авто машин, сургууль цэцэрлэгт гал тогоо нийлүүлэх, тойргийнхоо сонгогчдод гэр, данх, бидон  бэлэглэх, сууцных нь дээврийг нь засах гэх мэтэд  зарцуулсаар иржээ. 

Зарим гишүүдийн зүгээс  "5 тэрбум төгрөгийг зүгээр авч байгаа мэтээр олон нийт ойлгож байна. Гэтэл энэ мөнгө бүтээн байгуулалтанд зарцуулагдаад байгаа ч хүрэлцэхгүй байна. Гишүүдийн 5 тэрбум гэдэг бол сонгогдсон тойрогтоо хийх бүтээн байгуулалтад зарцуулагддаг мөнгө гэдгийг хэлмээр байна" хэмээн тайлбарлажээ. 

Улсын төсөв аймаг нийслэлд, төсөв захиран зарцуулагч нарт хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, тэдний хэлээд байгаа ажлуудыг төсвөөс нэгдсэн журмаар санхүүжүүлж, төсөв захиран зарцуулагчид тухай бүр төлөвлөн хуваарилж ажиллах учиртай. 

Гэтэл төсөв хэлэлцэж батлах үүрэгтэй 76 нөхөр ийнхүү өөрсдөө төсөв захиран зарцуулагч болчихоод байгаа юм. Төсвийн хөрөнгийг үр бүтээлгүйгээр үрэн таран хийж, бодитой томоохон хөрөнгө оруулалтанд биш харин төсвийг хүчгүйдүүлж, тарамдуулж байгаа гэдгээ  мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэдий ч тэд ийнхүү өөрсдийгөө төсвийн 76 х 5 тэрбум=380 тэрбумаар авлигадах гэж байна. 

АТГ үүнийг авлига гэж үзэхгүй байна. Харин иргэн та?

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404