Э.Бат-Үүлийн балаг Суман гүний халдлага
2018/10/22

Э.Бат-Үүлийн балаг, Суман гүний халдлагад өртсөн 150 метр автозам 195 сая төгрөгөөр баригдсан байжээ. Тодруулбал, Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Оюунлаг сургуулийнхан саяхан гаднах орчноо бүрэн тохижуулж  энхэн донхол ихтэй 150  метр  авто болон явган хүний замыг  цементэн хатуу хучилттай зам болгон шинэчилжээ. Гэтэл  гэнэтийн халдлагад  өртөж, хийж бүтээсэн  тэрхүү замыг нь шөнө дөлөөр бүлэглэж дайрсан  этгээдүүд юу ч үгүй болтол сүйтгэж орхисон гэнэ.

Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байр хүртэлх замууд  эвдэрч гэмтээд тоосжилт ихтэй болсон  тул автомашин байтугай явган хүн ч зорчиход  хүндрэлтэй  болоод байсныг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга нар дэмжлэг үзүүлэн  Оюунлаг сургууль хөрөнгө гаргаж тийнхүү дээрх замыг  засуулсан аж.  Гэтэл энэ сарын 19-ний шөнө “Суман гүн” компанийнхан  уг зам зассан газрыг нь “Энэ чинь манай газар” хэмээн Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар  тэргүүтэй  гучаад эрчүүд 195 сая төгрөгөөр босгосон тэрхүү замыг эвдэн нурааж эхэлжээ. 

“Суман гүн” компани уг газарт анх 2015 онд буюу Э.Бат-Үүлийг хотын захирагч байх үед  захирамж гаргуулахдаа  Оюунлаг сургууль, Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын 67, 69, 70 дугаар байрууд руу ордог энэ замыг  бүхэлд нь хааж барилга барихаар болоод байсан байна. Өөрөөр хэлбэл, “Суман гүн” компани нь газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн  захирамжаар тийнхүү сүрийг үзүүлэн шөнийн цагаар эвдэж сүйтгэх ажлыг зохион байгуулжээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан барилга байгууламж барихыг хуулиар хориглодог.  Гэтэл хуучин мэр Э.Бат-Үүл болон суман гүнийхэн хууль зөрчихдөө сургуулийн жаалуудын сурах орчин, эрх ашгийг огтхон ч бодолцсонгүй. 

Мөн нөгөөтэйгүүр, “Суман гүн” компани нь 2015 онд ийм хуль бус захирамж гаргуулаад,  уг газар дээрээ өдий болтол юу ч хийлгүй 3 жил шахам хугацаа өнгөрсөн тул хуулийн дагуу газар эзэмжших эрх нь цуцлагдсан байх учиртай. Гэтэл “Суман гүн”-гийн эзэн гэгддэг, НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар  нь тэр бүх хуулийн заалтыг уландаа гишгэн  Оюунлаг сургуулийн хүч хөрөнгөөр хийсэн хатуу хучилттай замыг нь эвдэхдээ тэнд хуучин байсан хашааг нь хүртэл нураагаад зогсохгүй өөрсдийнхөө хашааг босгохоор тэндэхийн оршин суугч иргэдийг зодож гэмтээсэн байна. Хоёр ч иргэн толгойдоо гэмтэл авч оёдол тавиулсан аж. Болсон явдлын талаар  Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн шуурхайн албаныханд мэдэгдэхэд үл тоон хайхрамжгүй хандсан гэж иргэд гомдоллож байна.  

 

  

Засагдсан зам талбай 

Засагдахын өмнөх 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Цэцэг150.129.140.206
Батүүлийн балаг хэзээ дуусах юм бээ дуусгаад өгөөч
2019/01/14
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404