Сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг хуваан зөөвөрлөжээ
2018/10/17

Саудын Арабын  алга болсон гэх сэтгүүлч Жамал Хашоггийн талаар Туркийн албаны хүн “Сэтгүүлч Жамал Хашогги хоёр долоо хоногийн өмнө Истанбул хот дахь өөрийн улсын консулын байранд амиа алдсан бөгөөд түүний цогцсыг хэдэн хэсэг болгон хуваан зөөвөрлөсөн гэж үзэж байна” хэмээн CNN агентлагт мэдээлжээ. Камерын бичлэгээс харахад Жамал Хашоггиг консулын байр луу ороод хэсэг хугацаа өнгөрсний дараа консулын арын хаалгаар гурван машин гарсан ба хар өнгийн дипломат дугаартай машинд хар хайрцагтай зүйл ачсан нь илэрсэн аж. Сэтгүүлчийг алга болсон гэх өдөр Саудын Арабын 15 хүний бүрэлдэхүүнтэй хоёр онгоц ирж тэр өдөртөө буцсан. Мөрдөн шалгалтаар тус онгоцоор ирсэн хүмүүсийн дотор Саудын Арабын дотоод хэргийн яамны шүүх эмнэлгийн дарга, Саудын Арабын ханхүүгийн мэдэлд байдаг улсын төв телевизийн ажилтнууд байсан нь тогтоогдсон байна. Харин Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч  алга болсон хэргийг мөрдөн шалгалт дууссаны дараа болсон хэрэг явдлын талаар бүрэн дүүрэн, нээлттэй дүгнэлт гаргана гэв.

Энэхүү аймшигт хэргийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салман Бен Абдель Азиз Аль Сауд, угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Бен Салман Аль Саудтай Эр-Рияд хотноо уулзалт хийв. Уулзалтын үеэр Помпео хэргийг нээлттэй, шуурхай шалгах хэрэгтэйг онцолжээ. Мөн өдрийн орой /2018.10.16/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп угсаа залгамжлагч ханхүүтэй утсаар ярьсан байна.  Ханхүү Саудын тал хэргийг шалгаж байгаа бөгөөд удахгүй дүгнэлт гарна хэмээн мэдээлсэн байна. "Вашингтон пост" сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамал Хашогги энэ сарын 2-ний өдөр Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд орсны дараагаар сураггүй алга болсон. Саудын Арабын тал Хашогги консулын байрнаас гарсны дараа алга болсон хэмээн мэдэгдэж байгаа бол Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Саудын Араб сэтгүүлч алга болсонд хамааралгүй гэдгээ нотлох ёстой хэмээн шаардсаар байгаа юм.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404