Монголын хөлбөмбөгчид ээлжит тоглолтоо Лаосын эсрэг хийнэ
2018/10/16

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд ээлжит тоглолтоо Лаосын эсрэг хийнэ.

Долоон сая гаруй хүн амтай Лаос Улсын Үндэсний цэнгэлдэх болох 25 мянган хүний суудалтай КМ16 цэнгэлдэхэд явагдах тус тоглолтын эхний шүгэл Монголын цагаар 19:30 минутаас дугарах юм.

ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг Сингапур болон Лаос улсын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон. Эхний тоглолтоо аравдугаар сарын 12-ны өдөр Сингапурын шигшээ багийн эсрэг хийсэн ч 2:0-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Тус тоглолтын үр дүнд хэд хэдэн зүйл нөлөөлсний нэг нь халуун бүгчим байсныг хэлэх хэрэгтэй.

FIFA DAYS-ийн хүрээнд хийж байгаа энэ сарын хоёр дахь тоглолт өнөөдөр болохб а Монголын  хөлбөмбөгчид Лаос улсын шигшээ багтай тоглоход бэлэн болоод байна. Өчигдөр тус тоглолтын өмнөх техник, зохион байгуулалтын зөвлөгөөн, мөн хэвлэлийн бага хурал болсон.

Хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Майкл Вайсс багийн зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбалын хамтаар оролцсон юм. Дасгалжуулагч Майкл Вайсс болох тоглолтын талаар ярихдаа "Бидний хувьд маш чухал тоглолт. Залуус юу хийхээ мэдэж байгаа. Мэдээж эхний тоглолт хүнд болно гэдгийг бид мэдэж байсан. Хэд хэдэн шалтгааны улмаас залуус маань 100 хувь өөрсдийн тоглолтыг үзүүлж чадаагүй. Тиймдээ ч 2:0-ийн харьцаатай хожигдсон. Харин энэ удаагийн тоглолтын хувьд цаг агаартаа дасах хугацаа бидэнд байлаа. Гэхдээ л залуус өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчлахгүй л бол Лаос шиг хурдтай, хүчтэй багийн эсрэг дахин ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж байгаа. Тиймээс тэд ээлжит тоглолтоос хожил авахын тулд шаргуу бэлтгэл хийж байна" гэв. 

Лаосын шигшээ багийн дасгалжуулагч, Сингапур мэргэжилтэн Сундрам Мүүртигийн хувьд шигшээ багийг аваад удаагүй байгаа бөгөөд ердөө долоо хоног бэлтгэлд гарсан гэнэ. Тиймээс багийн гол уураг тархи нь багийн ахлагч, туршлагатай тоглогч Киовенпет Литидет болоод байна.

Монголын шигшээ багийн туршлагатай тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай нарын хувьд хоёр дахь удаагаа Лаосын шигшээтэй тоглох гэж байгаа бөгөөд 5 жилийн өмнө "Челленж кап" тэмцээний хүрээнд хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцэж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404