Цагдаагийн албан хаагч халдлагад өртөж амиа алдлаа
2018/10/16

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэмт этгээдүүдийн халдлагад өртөөд байсан цагдаагийн албан хаагч дөнгөж сая нас нөгчив. Эмнэлгийн байгууллагаас яаралтай бүх тусламжийг авсан боловч түүний биеийн байдал нь маш хүнд байсан бөгөөд амийг нь аварч чадаагүй байна. 

Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд  хамгийн бага хүүхэд нь 1 ойтой аж. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан тэрээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан гэнэ.  Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдлаа.

Хэргийг сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн.

2018 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.

Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404