Энхийг сахиулагчид Афганистан улсыг зорино
2018/10/10

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлагууд, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Ажиллагааны газар орныг зорих дайчдад хандаж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ “Эх дэлхийн энх тайван, тусгаар тогтнолын төлөө, төр засгийнхаа итгэл найдварыг тээн алс хол үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай дайчид энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон амжилт хүслээ.

 

Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн алба хаагчдаа төлөөлж тус цэргийн багийн захирагч, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөнө гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид удахгүй ажиллагааны газар орныг зорино.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404