Сэтгүүлчийн учир битүүлэг хэрэг Турк, Арабын дунд зөрчилдөөн үүсгэв
2018/10/09

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консул газарт очсоныхоо дараа сураггүй болоод буй юм. Сэтгүүлч эр амиа алдсан эсвэл ямар нөхцөл байдалд байгаа нь НУУЦ хэвээр байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг асуудлаар байр сууриа хүргэсэн талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ. Туркийн хэвлэлээр өнгөрөгч амралтын өдөр “Жамалыг Консулын байранд байхад нь амийг нь хөнөөсөн. Тусгай баг 15 гишүүнтэй ба эрх баригчдынхаа заавраар аллага үйлдсэн” гэж мэдээлжээ.

Ерөнхийлөгч Эрдоган “Саудын Арабын эрх баригчид Жамал Хашоггитай холбоогүй гэдгээ батлах хэрэгтэй. Түүнийг Консулын газраас явсан гэдгийг батлах баримтаа яг одоо нийтэд үзүүл. Байрны эргэн тойронд маш олон хяналтын камер бий. Та бүхэн эхний ээлжинд сэтгүүлчийг Консулын байр руу орсон бичлэг, дараа нь Консулын байрыг орхисон бичлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн асуудалгүй гэж бодож байна” гэж хэлжээ.  Сэтгүүлч эр турк эмэгтэйтэй гэр бүл болохоор шаардлага бичиг баримт бүрдүүлэхээр Истанбул дахь Консулын газарт очсон гэнэ. Одоогоор Туркийн хуулийнхан дээрх хэргийг шалгаж байгаа юм. 

Жамалын асуудлаас болж Турк, Саудын Арабын дунд маргаан үүсээд байна. Унгар улсад айлчлал хийж буй Эрдоган “Энэ хэргийн ард та бүхэн байвал зүгээр өнгөрөөхгүй” гэж хэллээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амьд, үхсэн нь тодорхойгүй байгаа араб сэтгүүлчид санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Цагаан ордны тэргүүн “Энэ бүх учир битүүлэг хэрэг надад таалагдахгүй байна” гэв.

Жамал Хашогги Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг эрс шүүмжилдэг ба 2017 оноос АНУ-д суурьших болжээ. Сэтгүүлчийн дэмжигчид Истанбул дахь Саудын Арабын Консулын газрын урд лоозон барьцгааж, тайван жагсаал зохион байгуулсаар байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404