Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн нээлтээ хийлээ
2018/06/13

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн зөвлөгөөн “Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвийн дор явагдаж буй бөгөөд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож байгаа юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд зөвлөгөөнийг нээж үг хэлсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг, эрхэм чухал зорилт болохыг тэрбээр онцлоод дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн хэмээгээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404