Азийн паралимпийн наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин
2018/10/04

Монгол тамирчдаас Азийн паралимпийн наадамд түрүүлсэн анхдагч бол Нямаагийн Алтанцэцэг юм.

39 настай тэрбээр “Инчён-2014” наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д түрүүлж, түүхэн амжилтын эзэн болсон. Тэгэхдээ нэг бус, хоёр түрүү хүртсэн түүхтэй. Учир нь Н.Алтанцэцэг багийн барилдаанд мөн аварга болж, алтан медалиа ихэрлүүлсэн билээ.

Аймгийн хурц арслан Нямаагийн охин тэрбээр пара жүдогоор 2009 оноос хойш хичээллэж буй. 

2015, 2018 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарсан Н.Алтанцэцэг спортод хөл тавьсан тухайгаа “Би 2009 онд бариа заслын сургалтанд суусан юм. Гэтэл нэг өдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос залган, пара жүдогийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зөвлөв. Би түүнээс өмнө бөхийн спортыг сонирхдог, хичээллэхийг хүсдэг ч хэнд, хаана хандахаа мэдэхгүй байсан юм. Тэр жил Увсаас ирж тус тэмцээнд оролцоод, түрүүлж билээ. Тэмцээнээс өмнө бэлтгэл ер хийгээгүй. Сумын заан Төгсжаргал ахаар гар татах, шилдэж тонгорох, хөл тавих зэрэг мэх заалган, дутуу хагас сураад л өрсөлдсөн юм” гэв.

Мөн “Аав минь залуудаа нэгэн барилдаанд улсын цолтой гурван бөхийг давж, түрүүлсэн. Би бага байсан болохоор хэн, хэнийг өвдөг шороодуулсныг сайн санадаггүй юм. Лав улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр гуайг давсан юм билээ. Аав Х.Баянмөнх аваргатай, ээж эхнэртэй нь нас чацуу. Баянаа аварга байсхийгээд л манайд ирдэг байсан. Аав, аварга хоёрын хамтдаа авахуулсан зураг одоо ч манайд бий” хэмээв.

Нийтэлсэн: У.Баярсайхан
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404