Ази, Номхон далайн хүн амын насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх сэдвээр парламентчид зөвлөлдөнө
2018/06/13
Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордонд 2018 оны зургадугаар сарын 12-нд зөвлөлдөх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвтэй тус зөвлөлгөөнийг Монгол Улсын Их Хурлаас НҮБ-ын Хүн амын сан, Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэг, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
 
Зөвлөлгөөнд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцох гэж байна. 
 
Төлөөлөгчид Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын дөрвийнх нь талаар тухайлбал,
• Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай 3 дугаар зорилт, 
• Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай 5 дугаар зорилт, 
• Тэгш бус байдлыг арилгах тухай 10 дугаар зорилт 
• Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай 17 дугаар зорилтуудыг хэрэгжүүлэх тухай ярилцах ажээ.
 
Хэвлэлийн бага хурлыг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нээж хэлсэн үгэндээ, энэхүү уулзалт зөвлөлгөөн нь парламентчдад өөрсдийн улс орнуудын туршлагыг хуваалцаж, бусдаас суралцахаас гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газар болон бусад хамтрагчидтайгаа улам сайн хамтран ажиллах боломжийг олгоно гэв. 
 
Дараа нь Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн ахлах менежер Хитоми Цүнэкава үг хэлэв. Тэрбээр дэлхийн олон орон, бүсүүдэд төрөлтийн тоо эрс буурч, хүн амын насжилт нэмэгдэн, Ази, Номхон далайн бүсэд энэхүү хүн ам зүйн шилжилт хурдацтай явагдаж байгаа ч дэлхийн хүн амын тоо 1968 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, энэхүү өсөлт XXI зууны хагас хүртэл үргэлжлэх хандлагатай байна. Дэлхий даяар төрөлт нь нөхөн үржих боломжоос хэтэрхий доогуур түвшинд хүртэл багассан нь хүн амын насжилт өндөр болоход нөлөөлж байна. Ази, Номхон далайн бүс нутагт хотжилт болон эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байна. Олон орны хэдэн зуун сая хүн хэдхэн арван жилийн дотор ядуурлаас ангижирсан ч жендерийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах явдал, өсөн нэмэгдэж буй баян ядуугийн ялгаа, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд залуу хүмүүсийг үл тоомсорлох байдал хэвээр байна. Эдгээр асуудлыг Улаанбаатарт зөвлөлдөх болно гэлээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404