Гэм хэрэгтнүүд шүүхийг үзэн ядах үзлийг дэвэргэдэг
2018/10/03

Сүүлийн жилүүдэд шүүх засаглалд итгэх олны итгэл байхгүй болов.  Шүүгч нар бүгдээрээ авлигач, хулгайч болчихсон мэтээр суртал ухуулга явуулж эхэлжээ. Энэ бүхнийг хэн явуулав гэхээр авлига нэхдэг, авдаг нэр төр хүнд нь сэвтсэн улс төрчид. Шүүхийн нэр хүнд уначихвал авлигач миний бие хэлмэгдсэн мэтээр олон нийтэд ойлгогдоно гэсэн томъёолол явагдаад байгаа юм.

Шүүх намайг хэлмэгдүүлчихлээ гэж хэн хашгирдаг вэ. Мэдээж авлигач ба түүний тойрон хүрээлэгчид шүү дээ. Хамгийн адгийн шаарууд хэлмэгдсэн мэт шүүх рүү дайрсаар иргэдийн дунд эргэлзээ төрүүлэх болжээ. Бүр хүний амь хөнөөчихсөн, хүчингийн гэмт хэрэгтэн хүртэл “Авлигач шүүгчийн буруугаас болж иргэн би ял шийтгэл авлаа” ч гэх шиг. Буруугаа шүүх рүү чихэж шударга ёсыг алдагдуулахыг хүсдэг болов. Иргэдийн итгэл үгүй болбол нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ.

Бүх шүүгч нар хуулийн хүрээнд ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Төрийн бус байгууллага, зарим иргэдийн буруутгаад ихэнх асуудлууд хуулийн хүрээнд хийгдсэн байдаг. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал хүртэл хуулинд яв цав нийцдэг. Аж ахуй нэгж мөнгөө гаргаад оросуудын зарах гэсэн хувьцааг худалдаад авчихлаа. Бүх номын дагуу гэрээ хэлцэл хууль номын хүрээнд хийгдээд авчихсан.

Шүүгчид Засгийн газрын талд бус 49 хувийг худалдан авсан талд алх цохисон. Тэгэнгүүт л “Мөнгөтэй талд үйлчилсэн” гэж буруутгал явуулаад эхэлж байгаа юм. Хэрвээ Засгийн газрын талд алх цохивол “Эрх баригч нар долигнолоо, бөгс долоогч. Албан тушаалтайгаа зууралдлаа” гэх байв. Энэ бүхний цаана шударга ёсны үнэлэмжийг унагах, авлигач түшмэлийн нэр төрөө сэргээх арга ядсан аргууд явж байдаг. Шүүхийн нэр хүндийг унагасаар авлигачид баатар болж, эрх мэдэлд эргэн ирж байна.

Монголчууд “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэсэн гайхалтай мэргэн үг хэлдэг дээ. Чи хууль зөрчөөгүй, асуудал үүсгээгүй бол шүүх чамайг дуудаад “хэлмэгдүүлэхгүй” шүү дээ. Шударга шулуун иргэд шүүх хаана байдгийг ч мэдэхгүй. Харин хэтэрсэн хар пиараас үүдэн иргэд “Шүүх гэдэг дөрвөлжин байшинд хар хувцастай авлигачид суудаг” гэсэн айдастай, ойлголт авсан байдаг.  Зарим нэг авлигач, мөнгөнд автдаг шүүгч нар байхыг үгүйсэхгүй.  Шүүгч нарын нэр хүнд ариун дархан байж шударга ёсны үнэлэмж өндөр байна гэдгийг хаана хаанаа бодох цаг болжээ.

Т.Эрдэнэ 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404