Г.Занданшатар: ЗТХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй
2018/10/02

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн "Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд ЗТХ-ийн сайдыг энэ долоо хоногт багтаж, чөлөөлж, томилох асуудлыг танилцуулсан" гэж мэдээлснээс үзэхэд  ЗТХ-ийн сайдын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх бололтой.  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх тогтоолыг төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг өглөө. 

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бий юу?

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёсзүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгэхээр асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Гэхдээ сайдын асуудал УИХ-аар шийдвэрлэгддэг учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн мэдүүлэх журмын дагуу ажиллаж байна. Өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа учир Ерөнхийлөгчид зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 24-ний өдөр хариу бичиг илгээсэн. Үүнийг нь үндэслээд чуулган нээлтээ хийсэн өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өргөдлийг шийдвэрлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 

-ЗТХ-ийн дараагийн сайдын асуудал яригдсан уу?

-Дараагийн сайдын асуудал яригдаагүй байна. Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөөгүй байгаа. ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг зөвшилцсөн ч дараагийн хүн хэн бэ гэдгээр зөвшилцөөгүй байна. Журмын дагуу намын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 67 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлчихлээ.  Бид "Цэгцрэх хөдөлгөөн" номондоо системийн хямрал, хариуцлагын хямралын талаар тодорхой бичсэн. Ер нь хэлэлцүүлэг, ард түмний санал асуулга, зөвлөгөөн, зөвлөлдөх уулзалт зэргээс өөрчлөх ёстой юм байна гэсэн ойлголцолд хүрч байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хуулийн форумыг сахилга, хариуцлага дэг журмыг сайжруулахад гол зорилго тавьж Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлогод тусгасан байгаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404