Нийслэлээс гаргасан хөрөнгөө буцааж татаж болохыг сануулав
2018/09/17

Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн амралтын өдрүүдэд  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтын үйл явцтай танилцлаа. Харамсалтай нь, үндэсний хэмжээний энэ хоёр төвийн гаднах талбайн бүтээн байгуулалт графикт хугацаанаасаа нэлээд хоцорч, хамгийн их удаашралтай яваа тул ийнхүү анхаарал хандуулж, хариуцлага нэхсэн юм.  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг “Энигма” компани, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг Улаанбаатар Зам засвар, арчлалт газар гүйцэтгэж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилт 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнх ч үүнтэй ойролцоо. Аль аль нь зам, талбайн тохижилтоос гадна нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болох төлөвлөгөөтэй.

Нийслэлийн зүгээс хөрөнгө гаргаж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, зам, гарцтай, үндэсний хэмжээний томоохон төвүүдийг нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болгож байгаа хэдий ч гүйцэтгэл хариуцсан газрууд нь хангалтгүй ажиллаж, хугацаа алдаж, Эрүүл мэндийн яам ч анхаарахгүй, эдгээр эмнэлгүүдийн удирдлагын зүгээс ч сэтгэл гаргахгүй байгааг хотын дарга анхааруулж байлаа. Ингэж хайнга хандаж байгаа тохиолдолд нийслэлээс гаргасан хөрөнгийг буцаан татаж болохыг ч сануулав.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг зургадугаар сарын 7-нд эхэлсэн ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй байгаа юм. Иймд  Улаанбаатар Зам засвар, арчлалт газрыг 10 дугаар сарын 10 гэхэд ажлаа дуусгасан байхыг хотын дарга шаардлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг хийж буй “Энигма” компанид ч ийм шаардлага тавьсан юм. Аль аль компанид газар чөлөөлөлтийн асуудал үүсээгүй, бэлэн талбайд зам тавьж тохижилт хийхэд ямар нэг бэрхшээл тохиолдоогүй атал зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гурван сар гаруйн туршид хийсэн зүйл бага байгааг зөвхөн хариуцлага дутсаных хэмээн хотын дарга дүгнэлээ. Хэдэн тэрбумын өртөгтэй ажлыг ийнхүү цалгардуулж байгаа учир үлдсэн хугацаанд өдөр, шөнөгүй ажиллах хэрэгтэй. Шаардлага хангаагүй нөхцөлд ажлыг өөр компанид шилжүүлж болно гэдгийг ч хэллээ.

Ингээд дээрх хоёр компани 10 дугаар сарын 15 гэхэд даасан ажлаа бүрэн дуусгах амлалт өгөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404