БНАСАУ-АНУ: Дээд хэмжээний түүхэн уулзалтдаа хүрэлцэн ирлээ
2018/06/13

Чанги нисэх буудал бол Азидаа хамгийн их ачаалалтайд тооцогддог. Энд минут тутамд нислэг, буултууд явагдана. Харин БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний түүхэн уулзалтын үеэр эндхийн агаарын орон зайг ашиглах явдал гурав хоног хязгаарлагдсан байна.

Энэ сарын 10-нд буюу өчигдөр Сингапурын нисэх буудал Пхеньянаас гурван рейс хүлээн авчээ. Эхнийх нь Ил-62, Ким Жон Уны хувийн онгоц. Гэвч түүн дотор Хойд Солонгосын удирдагч байсангүй.

Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Пхеньянаас Бээжин рүү нисэхээр хөөрсөн “Хятадын нисэх шугам”-ын онгоц өмнө зүг рүү огцом эргэн, агаарт нислэгийн дугаараа сольжээ. Ийнхүү Ким Жон Ун Air China-ын нислэгээр Сингапурыг зорьсон аж.

Дараа нь тэрээр нисэх буудлаас хотын төв рүү хаалттай замаар, хар хуулга наасан, дугааргүй Mercedes-ээр явсан байна. Ким Жон Ун Сингапурын Ерөнхий сайдаас ч илүү эрх эдэлжээ. Энэхүү хот-улсын Ерөнхий сайд Ли Сян Лун бусад иргэдийн адил машины шилэндээ хар тень наах эрхгүй аж.

Гэвч энэ удаад хоёр улсын төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлын үүднээс Сингапур улс хууль журмаа зөрчихөд хүрсэн байна.

“Бидний тооцоолсноор, БНАСАУ-АНУ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад бид 20 сая доллар зарцуулна. Энэ бол олон улсын тогтвортой байдлыг хангахад манай зүгээс оруулж буй хувь нэмэр юм” хэмээн Ли Сян Лун мэдэгджээ.

Сингапур даяар цагдаа, гал унтраах, түргэн тусламжийн албад өндөржүүлсэн бэлэн байдалд орсон бөгөөд Непалиас хүртэл тусгай хүчнийг татан оролцуулж байгаа аж.

Ким Жон Уны байрлаж буй зочид буудлын хамгаалалтыг БНАСАУ-ын тусгай хүчнийхэн хариуцаж байна. Иймд Хойд Солонгосын Ажилчны намын тэмдэг зүүсэн хүмүүс үе үе гарч ирэн,  орон нутгийн цагдаа нарт үүрэг даалгавар өгч байгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404